БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой дээд түвшний хэлэлцээ хийв
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой даваа гарагт дээд түвшний хэлэлцээ хийх үеэрээ БНАСАУ саяхан удаа дараалан пуужин харвасан явдалд ихэд санаа зовниж буйгаа илэрхийлснийг Хөх ордон уламжлав.
Солонгосын хойгт аюулгүй байдлын нөхцөлийг тогтворжуулах чухал цаг үед Пёньян ийм үйлдэл гаргасныг тэрбээр онцлоод, холбогдох талууд үүсээд буй нөхцөл байдлыг тогтвортойгоор зохицуулж, яриа хэлэлцээг эрт эхлүүлэхийн төлөө тууштай хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг тэмдэглэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо хүрэлцэн ирээд буй хоёр орны удирдагчид гурван сар орчмын хугацаанд хоёр дахь удаагаа нүүр тулан уулзаж буй нь энэ юм. Тийнхүү Мүн Жэ Ин Б.Жонсонд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайвныг цогцлоох чиглэлд гаргаж буй Сөүлийн хүчин чармайлтын талаар товч танилцуулжээ.
Мөн тэрбээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох Их Британиас Солонгост энх тайвныг цогцлоох үйл явцад дорвитой үр дүн гаргахад хувь нэмрээ оруулахыг хүссэн байна. Үүний хариуд Б.Жонсон БНСУ-ын Засгийн газрын энх тайвны төлөөх үйл ажиллагааг дэмжиж буйгаа дахин нотлоод, БНАСАУ-тай дипломат шугамаар холбоо тогтоох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мүн Жэ Иний ажлын албанаас мэдээлжээ.
Энэ сарын эхээр БНАСАУ холын зайн тусгалт далавчит пуужин, хоёр баллистик пуужин харвасан бөгөөд баллистик пуужингийн технологи ашиглан пуужин харвахыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолоор хориглодог билээ.
Үүнээс гадна хоёр орны удирдагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна. Их Британи нь ирэх 11 дүгээр сард болох НҮБ-ын “COP26” буюу Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бол БНСУ нь 2023 онд болох “COP28”-ыг зохион байгуулах зорьж буй юм. Түүнчлэн Б.Жонсон Мүн Жэ Инийг 11 дүгээр сарын 2-3-нд болох үйл ажиллагаанд оролцохыг урьжээ.
Хөх ордны мэдээлснээр, талууд мөн худалдаа тэргүүтэй хоёр талын харилцааны талаар хэлэлцжээ. Тэд нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болсон чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт улам өргөжин тэлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Мүн Жэ Ин өмнө нь “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Их Британийн Корнуолл гүнлэгт зургаадугаар сард хүрэлцэн очих үеэрээ Б.Жонсонтой уулзсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.