БНСУ-д “COVID-19” халдварын 2564 тохиолдол шинээр илэрлээ
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 2564 тохиолдол шинээр илэрсний 2539 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо таван өдөр дараалан 2000 давж, 311 289-д хүрсэн байна.
БНСУ-д өнгөрсөн долоо хоногт коронавирусний илүү хурдан халдварладаг дөрвөн хувилбараар халдварласан 3066 тохиолдол илэрснээс 3060 нь “Дельта” хувилбараар халдварласан байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ.
Ингэснээр улсын хэмжээнд коронавирусний хувилбаруудаар халдварласан тохиолдлын нийт тоо 33053-т, Энэтхэгт анх илэрсэн “Дельта” хувилбараар халдварласан тохиолдлын тоо 29593-т хүрлээ гэж Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Эдгээр үзүүлэлт нь БНСУ-д “Дельта” хувилбар давамгайлан тархах болсныг харуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд коронавирусний тархалтыг хумихад улам хүндрэлтэй болж байна.
Саяхнаас нийслэл Сөүл болон тус хоттой зэргэлдээ оршдог бүс нутгуудад халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдэх болсонд “Дельта” хувилбарын тархалт нөлөөлснөөс гадна улсын бусад нутгаар хурдацтай тархаж болзошгүй байдал ажиглагдах болжээ.
Өнгөрсөн долоо хоногт нарийвчлан шинжилсэн тохиолдлуудын 99.5 хувиас коронавирусний хувилбарууд илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос /98.2/ өссөн үзүүлэлт болсныг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.