БНСУ-д монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчиллаа

БНСУ-д монгол эмэгтэйн аминд хүрсэн этгээдийг баривчиллаа

Монгол эмэгтэйг хөнөөснийхөө дараа цогцсыг нь булсан 50-иад насны эрэгтэйг баривчлав

Өмнө нь таньдаг байсан гадаадын эмэгтэйтэй маргалдсаны эцэст хоолойг нь огтолж хөнөөн, цогцсыг нь Гёнгбук мужийн Санжү хотын нэгэн будааны талбайд булсан 50-иад насны эрэгтэйг цагдаагийнхан баривчиллаа.

Гёнгбук мужийн Гүми хотын Цагдаагийн газар нь хүний амь нас хохироосон болон цогцос нуун дарагдуулсан хэргээр 59 настай А-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж мэдээлэв.

Цагдаагийхны хэлснээр А нь 2020 оны нэгдүгээр сарын 29-нд Санжү хотын нэгэн тариалангийн тосгонд өөрийн машин дотроо хуучны танил, Монгол Улсын иргэн Б (56 настай, эмэгтэй)-тэй муудалцаж байгаад Б-гийн хоолойг хэрчиж, амийг нь хохироосон хэрэг үйлдсэн байна.

Мөн тэрбээр Б-гийн цогцсыг тракторт ачин, гэрээсээ 2.2 км зайтай байх Санжү хотын Жүндогдун хороонд байрлах нэгэн тариалангийн талбайд булсан хэргийг ч үйлджээ.

Цагдаагийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр "Эгчтэйгээ (Ээжийн талын эгч дүү) холбогдож чадахгүй байна" гэсэн Б-гийн зээ дүүгийн эрэн сурвалжлах хүсэлт, мэдээллийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан байна.

Монгол иргэн Б-гийн зээ дүү нь Сөүл хотын Тундэмүн Цагдаагийн газарт эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ. Ингээд Цагдаагийн газраас А, Б нарын хоорондох утасны мессэж болон хяналтын камерын мөрдлөгөөр А-г сэжигтнээр тооцон, мөрдлөгө явуулсан байна.

Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад А нь анхандаа Б-г хаана байгааг мэдэхгүй гэж мэлзсэн боловч тодорхой нотлох баримтуудыг дэлгэхэд "Хэрэлдэж байгаад уурандаа санамсаргүйгээр хэргийг үйлдсэн" гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Мөрдөн байцаалтаар А нь "Б надтай хамт хоолны газар ажиллуулья гэхэд нь би дургүйцсэн. Гэтэл байн байн шалтгааныг асуугаад байхаар нь уурандаа түүнийг хөнөөсөн" гэж хэлжээ.

Тэд хоёр жилийн өмнөөс биесээ мэддэг болсон бөгөөд бизнесийн хөрөнгө оруулалт болон мөнгө төгрөгний асуудлаас болж сүүлийн үед маргалдах болсон тухай цагдаагийн газраас мэдээлэв.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.