Японд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарьж эхэллээ.

Японд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарьж эхэллээ.

Японд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг хоёр дахь тунг хийлгэснээс хойш хамгийн багадаа найман сарын хугацаа өнгөрч буй хүмүүст өнөөдрөөс тарьж эхэллээ.

“Pfizer”, “BioNTech” компанийн вакцины гурав дахь тунд эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг хамруулах бөгөөд өндөр настнууд болон бусад иргэдийн хувьд ирэх нэгдүгээр сараас хамрагдах боломжтой байна.

Засгийн газар вакцины үүсгэсэн дархлаа цаг хугацааны явцад суларч байгаа нь тогтоогдсонтой холбогдуулан нэмэлт тунг тарих шийдвэрийг гаргажээ.

Одоогоор нэмэлт тун коронавирусний шинэ хувилбар болох “омикрон”-ы эсрэг хэр үр дүнтэй болох нь тодорхойгүй байгаа ч Ерөнхий сайд Кишида Фүмио улс орноо нэмэлт тунг урьдчилан төлөвлөсний дагуу тарьж эхэлсэн орнуудын нэг болгохоор шийдвэрлэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “анхааралдаа авах” хувилбаруудын тоонд ороод буй “омикрон”-оор халдварласан анхны тохиолдол Японд мягмар гарагт бүртгэгдсэн юм.

Японд одоогоор мөрдөж буй бодлогын дагуу 18-аас дээш насны иргэд нэмэлт тунд хамрагдах боломжтой болж байгаа бөгөөд коронавирусээр халдварласан тохиолдолд хүндрэх эрсдэл ихтэй өндөр настнууд, мөн халдвар авах өндөр эрсдэлтэй ажил эрхэлдэг хүмүүст гурав дахь тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөх ажээ.

Мөн вакцин хийлгээгүй байгаа хүмүүст нэг, хоёр дахь тунг үргэлжлүүлэн тарина. Засгийн газар одоогоор зөвхөн “Pfizer”-ын вакциныг нэмэлт тунгийн зориулалтаар тарихыг зөвшөөрөөд байгаагаа мэдээлээд, гурав дахь тун нь өмнө нь хийлгэсэн тунгуудаас өөр компанийнх байх боломжтойг онцолжээ.

Өнөөдрийн байдлаар, Японы хүн амын 75 гаруй хувь нь “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдаад байна. Тус улсад өдөрт илрэх коронавирусний шинэ тохиолдлын тоо эрс буураад байгаа бөгөөд мягмар гарагт улсын хэмжээнд 132 тохиолдол шинээр илэрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.