Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна
Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдөр дуусна. Энэ жилийн цэргийн бүртгэл нь энэ сарын 5-нд эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар 97 280 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийжээ.
Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд бүртгэлээ цахимаар буюу "e-Mongolia" системээр хийлгэх боломжтой байгаа билээ.
Интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж, бүртгэлээ хийлгэх шаардлагатайгаас гадна Төв шуудангийн 1 давхарт байрладаг "e-Mongolia" төвд биеэр ирж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой юм.
"e-Mongolia" системээр бүтгүүлэхэд баримт бичиг шаардахгүй ба Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны цэргийн үүрэгтнүүд жилд нэг удаа цэргийн бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг.
Цэргийн бүртгэл цахимаар хийлгэх видео зааварыг энд дарж үзнэ үү.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
Дээд офицер /Генерал/-65 насны
Ахлах офицер -60 насны
Дунд офицер, ахлагч -55 нас
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ 50 нас.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.