“Meta” хиймэл оюун ухаанд суурилсан супер компьютер бүтээжээ
Америкийн “Meta” компани хиймэл оюун ухаанд суурилсан супер компьютер бүтээснээ мэдэгджээ.
Компанийн мэдэгдэж буйгаар, “AI Research SuperCluster” (RSC) хэмээн нэрлэсэн уг компьютер нь 2022 оны дунд үе гэхэд бүрэн хөгжүүлж дууссаны дараа дэлхийн хамгийн хурдан тооцоолон бодох машин болно.
“Илүү нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэх дараагийн үеийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд "секундэд хэдэн квинтиллон үйлдэл хийх чадвартай хүчирхэг супер компьютер" шаардлагатай болно. RSC супер компьютер нь хөгжүүлэгчдэд "олон их наяд жишээнээс суралцах, олон зуун хэлээр ажиллах, текст, аудио, видео бичлэгт нэгэн зэрэг хялбархан дүн шинжилгээ хийх, бодит байдлын хэрэгслийг хөгжүүлэх болон бусад олон зүйлийг хийх чадвартай хиймэл оюун ухааны шилдэг загваруудыг бүтээх" боломжийг олгоно” гэж “Meta” мэдэгдэлдээ дурджээ.
Супер компьютер бүтээх ажлыг "Meta”-гийн хиймэл оюун ухаан, дэд бүтцийн багууд удирдсан байна. Энэхүү төсөлд хэдэн зуун мэргэжилтэн оролцсон бөгөөд NVIDIA, Penguin Computing, Pure Storage зэрэг компаниудын ажилтнууд багтжээ.
Уг компьютер нь секундэд 16 хүртэлх Тбайт өгөгдлийг боловсруулж чадна гэж мэдээлж байна. Тус компани компьютерынхоо байрлал, төслийн өртгийн талаар мэдээлэл өгөөгүй байна.
Америкийн “Facebook” компани 2021 оны 10 дугаар сарын 28-нд нэрээ “Meta” болгон өөрчилсөн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.