“Tesla” компанийн орлого 17.7 тэрбум ам.долларт хүрэв.
Дэлхий дахинд хагас дамжуулагчийн хомсдол нүүрлээд буйг үл харгалзан АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн ашиг орлого өнгөрсөн улиралд түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ.
Тус компаниас лхагва гарагт танилцуулсан 2021 оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайланд дурдсанаар, тухайн улиралд 308 650 автомашиныг хэрэглэгчдэд нийлүүлсэн нь 2020 оны мөн үеийнхээс 70 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Ингэснээр компанийн орлого 17.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 60 гаруй хувиар өссөн байна. Мөн цэвэр ашгийнх нь хэмжээ жилийн өмнөхөөс найм дахин нэмэгдэж, 2.3 тэрбум ам.долларт хүрчээ.
“Tesla” компанийн зүгээс цар тахлаас үүдэлтэй чипний хомсдолын нөлөөг бууруулж, өөр бүтээгдэхүүнүүдийг ашиглан борлуулалтаа нэмэгдүүлж чадсан гэдгээ мэдэгдсэн байна.
Гэхдээ 2022 оныг дамнан үргэлжлэх төлөвтэй байгаа нийлүүлэлтийн сүлжээний асуудлын улмаас үйлдвэрүүд нь хэдэн улирлын турш бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүйг мөн дурджээ.
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford”, БНСУ-ын “Hyundai Motor” зэрэг компаниуд энэ онд Америкийн зах зээлд шинэ цахилгаан тээврийн хэрэгслүүдээ нийлүүлэхээр төлөвлөж байгаа тул өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.