БНСУ өнөөдрөөс эхлэн коронавирустэй тэмцэх шинэ арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлнэ.
БНСУ-д өдөрт илрэх коронавирусний батлагдсан тохиолдол 50 мянгыг давлаа. Энэ нь тус улсад бүртгэгдсэн халдварын бүх цаг үеийн хамгийн дээд үзүүлэлт юм. Одоогоор БНСУ-ын эрх баригчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байна.
Өнөө өглөөний байдлаар орон даяар 54122 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад коронавирусний халдварын тархалт огцом өсч байгаа нь "омикрон" хувилбарын халдвартай холбоотой гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдэгджээ.
Тус улсад өнөөдрөөс эхлэн коронавирустэй тэмцэх шинэ арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, эрсдэл багатай, гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд шөнийн цагаар зөвлөгөө өгөх төвүүдийг ажиллуулж, орон даяар эмнэлгийн орны тодорхой хэсгийг яаралтай тусламжид нөөцөлсөн байна.
Мөн ковидын халдвар авсан бага зэргийн шинж тэмдэгтэй, вакцинд бүрэн хамрагдсан эмнэлгийн ажилтнууд ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Одоогийн эрүүл мэндийн тогтолцооны нөхцөл байдлыг илүү сайн зохицуулахын тулд эрх баригчид зөвхөн 60-аас дээш насны өвчтөнд "Паксловид" вирусний эсрэг эмийг бичиж өгнө. Харин нэмэлт тусламж шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өдөр бүр үзлэг хийхээр төлөвлөжээ.
Эрсдэл багатай өвчтөнүүд өөрийгөө гэрээр хянаж, нөхцөл байдал муудсан тохиолдолд орон нутгийн эмнэлгүүдэд хандана. Мягмар гарагийн байдлаар тус улсын 52 сая хүн амын 55.7 хувь буюу 28.5 сая хүн нэмэлт тун хийлгэсэн байна.
Бүрэн вакцинд хамрагдсан хүний тоо 44.1 саяд хүрч, нийт хүн амын 86 хувийг эзэлж байна. Өдөр тутмын бүртгэгдэх халдварын тоо 20.000-ыг давснаас хойш гуравхан хоногийн дараа буюу бямба гарагт анх удаа 30.000-ыг давсан.
Харин ням гарагаас эхлэн дөрвөн өдөр дараалан 40.000-ын хооронд халдварын тоо хэлбэлзсэн бол өнөөдөр 50 мянгыг давж байгаа нь асар хурдан өсч байгаа үзүүлэлт юм.
Бүртгэгдсэн нийт тохиолдлын 92 хувийг "омикрон" хувилбар эзэлж байна. Энэ нь халдвар сүүлийн хоёр долоо хоногт дөрөв дахин өссөн үзүүлэлт юм.
Эрх баригчид энэ сарын эцэс гэхэд халдварын өдөрт бүртгэгдэх тоо 170.000-д хүрч болзошгүй гэж анхааруулсан. Энэ нь "омикрон" хувилбарын оргил үе болно гэж хэлэхэд эрт байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.
Тэгэхээр "омикрон" хувилбарын оргил үед халдварын өдөрт бүртгэгдэх тоо хэд болж өсөх нь тодорхойгүй байна. Гэхдээ "омикрон" хувилбарын халдвараар нас барах эрсдэл харьцангуй бага буюу 0.61 хувьтай байгаа юм
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.