БНСУ-д омикрон хувилбарын давлагааны оргил үе эхэлж байгааг анхаарууллаа

БНСУ-д омикрон хувилбарын давлагааны оргил үе эхэлж байгааг анхаарууллаа

Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж байгаагаар, тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 220 орчим мянган тохиолдол бүртгэгджээ.

Энэ нь, тус улсад, цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Хэдийгээр, тархалтын цар хүрээ өргөн байгаа боловч, нас баралтын түвшин 0,24 хувь буюу бага байна. Нөгөө талдаа, тус улсын нийт хүн амын 62 орчим хувь нь, коронавирусний эсрэг бүүстэр буюу нэмэлт тунд хамрагдсан нь, энэ өвчнийг хүндрэх эрсдэлээс сэргийлж байна гэж, судлаачид үзэж байна.

Тодруулбал, Өмнөд Солонгосын эрүүл мэндийн салбарынхан, тус улсад омикрон хувилбарын давлагааны оргил үе эхэлж байгааг анхааруулж байна. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар 820 мянган хүнийг тусгаарлаж, гэрээр эмчилж байгаа боловч, өндөр настан болон архаг суурь өвчтэй хүмүүст өвчлөлийн байдал хүнд, энэ нь эргээд эрүүл мэндийн салбарт ачаалал үүсгэж байгаа аж.

Хэдийгээр, тохиолдлын тоо өндөр байгаа боловч тус улсын засгийн газар энэ сарын 1-ний өдрөөс зарим хязгаарлалтуудаа сулруулсан. Эдийн засгаа дэмжихийн тулд, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг хэвийн горимд шилжүүлэх, мөн үйлчлүүлэгчдээс вакцины гэрчилгээ шаардахгүй байхаар зохицуулалт хийж байна. Мөн, жижиг дунд бизнесийг дэмжихийн тулд, нэмэлт төсөв баталж, нөхөн олговор олгож байна.

Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосын сургуулиудын хичээлийн шинэ улирал эхэлж байгаа юм. Тархалтын явц өргөн байгаа учраас тус улсын боловсролын яам энэ сарын 11-нийг хүртэл, оюутан сурагчдыг энэ хугацаанд, танхимаар эсвэл онлайнаар хичээллэх эсэхийг өөрсдөө шийдэж хичээллэхээр зохицуулж өгчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.