БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт оройн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Өмнөд Солонгос улсын 20 дахь удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Орон нутгийн цагаар өглөөний 6 цагт санал авах цэгүүд нээгдсэн. Санал хураалт оройн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Гэхдээ тус улсад "омикрон" хувилбарын тархалт өндөр байгаа учраас санал өгөх цагийн зохицуулалтыг уялдуулж гаргасан байна. Тухайлбал, жирийн буюу энгийн иргэд 18:00 цаг хүртэл санал өгөх эрхтэй бол коронавирусний халдвар авсан, эсвэл тусгаарлалтад байгаа сонгогчид 19:30 цаг хүртэл саналаа өгөх боломжтой.
Орон даяар 14464 санал авах байр байна. Өмнөд Солонгосын сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж байгаагаар улсын хэмжээнд сонгуулийн санал өгөх эрхтэй 44 сая сонгогч байна. Өнгөрсөн баасан болон бямба гарагт нийт сонгогчдын 37 хувь нь буюу 16 сая сонгогч саналын хайрцгаар дамжуулан урьдчилан саналаа өгсөн байна. Энэ нь 2014 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Энэ удаагийн сонгуульд сонгогчдын ирц өндөр, сонгогчид маш өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна гэж дотоодын хэвлэлүүд нь онцлон мэдээлж байна. Нэр дэвшигчдийн хувьд эрх баригч ардчилсан намаас Ли Жэ-Мён ард иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулах гол амлалттайгаар нэр дэвшиж байна.
Харин сөрөг хүчний гол нам болох Ардын хүч намаас нэр дэвшигч Юн Сок-Ёль-ийн хувьд шударга нийгмийг бий болгох уриатайгаар оролцож байна.
Тус улсын дотоодын ажиглагч шинжээчдийн хувьд энэ удаагийн сонгуульд дээрх хоёр нэр дэвшигчийн хооронд гол өрсөлдөөн өрнөх болов уу гэж таамаглаж байгаа аж.
Санал хураалтаас өмнө сонгогчдын дунд явуулсан санал асуулга, судалгаанаас харахад, хоёр гол өрсөлдөгчийн санал авах ритенг ойролцоо гарсан нь сонгуульд хэн ялахыг таамаглахад тун эдрээтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.