БНАСАУ АНУ-ын цэргийн талаарх мэдээлэл цуглуулах хиймэл дагуул бүтээж байна гэж мэдэгджээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун төрийн сансрын агентлагт зочлох үеэрээ өөрийн улсад бүтээж буй тагнуулын хиймэл дагуулыг бүс нутаг дахь АНУ-ын цэргийн талаарх болон тэднээс "хараат хүчнүүдийн” мэдээллийг цуглуулах зорилготой гэж мэдэгджээ. Энэ тухай “Yonhap” агентлаг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээнээс эш татан уламжилсан байна.
"БНАСАУ-ын удирдагч саяхны чухал туршилтуудын үеэр сансраас зураг авах арга, өндөр нарийвчлалтай гэрэл зургийн төхөөрөмжийн гүйцэтгэл, зураг дамжуулах системийн найдвартай байдал баталгаажсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв" гэж KCNA мэдээлжээ.
Ким Жөн Ун “цэргийн тагнуулын хиймэл дагуул бүтээж, ашиглалтад оруулахын зорилго нь Америкийн империалистуудын түрэмгий цэргүүд болон Өмнөд Солонгос, Япон, Номхон далайн бүс нутаг дахь тэднээс хараат хүчнүүдийн талаарх бодит мэдээллийг БНАСАУ-ын Зэвсэгт хүчинд цаг алдалгүй хүргэх явдал юм гэдгийг мэдэгдэв" гэж тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна.
Ким Жөн Уны цохон тэмдэглэснээр, БНАСАУ нь өөрийн гэсэн хиймэл дагуул бүтээх нь “дайсныг анхааралтай ажиглах, тус улсын талаар явуулж буй үйл ажиллагааных нь мөн чанарыг тодорхойлох стратеги, тактикийн чухал алхам юм”. Энэ нь Солонгосын Ардын армид "нөхцөл байдлыг хянах үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, янз бүрийн сорилтуудад хариу арга хэмжээ авах хурдыг нэмэгдүүлэх" боломжийг олгоно гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Пёньян хот орчмоос дунд тусгалын баллистик бололтой пуужин Япон тэнгис рүү харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо гуравдугаар сарын 5-нд мэдээлсэн. Пуужин 270 орчим км ниссэн бөгөөд нислэгийн дээд өндөр нь 560 км байжээ. Он гарснаас хойш 9 дэх нь болсон пуужингийн туршилт нь тагнуулын хиймэл дагуул бүтээхтэй холбоотой туршилт байсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.