БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Юн Сук Ёлын тухай 6 ДУУЛИАН
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ард түмний хүч намаас нэр дэвшсэн Юн Сук Ёл сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгуулсан билээ.
Тэрбээр ирах тавдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөнө. БНСУ-ын Үндсэн хуулийн дагуу түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байх юм.
Юн Сук Ёл уран зургийн үзэсгэлэнгээр мэргэшсэн “Covana Contents” компанийн захирал Ким Кун Хи гэх бүсгүйтэй 2012 онд гэрлэсэн.
Юн Сук Ёл 61 настай бол түүний эхнэр 49 настай. Ким Кун Хи Сөүлийн их сургууль зэрэг хэд хэдэн их сургууль төгссөн, боловсролтой бүсгүй.
Гэвч тэр нөхрөө БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад карьерынхаа талаар худал мэдүүлсэн гэх дуулианд холбогдсон юм.
Уг дуулианы үеэр Ким Кун Хи олон нийтийн өмнө толгой бөхийн уучлалт гуйж, “Би сайхан харагдахын тулд карьерынхаа талаар худлаа бичсэндээ уучлалт гуйж байна. Ийм зүйл хийх ёсгүй байсан юм. Эргээд бодоход энэ бол гутамшиг байсан” хэмээн олон түмнээс уучлалт эрж байв. Ким Кун Хи энэ дуулианаас болж хүнд замыг туулан, өдий зэрэгт хүрсэн нөхрийг нь дэмжихээ болихгүй байхыг солонгосчуудаас ихэд хичээнгүйлэн хүсэж байв.
Түүнчлээн түүний уран зургийн үзэсгэлэнгийн компанийн үйл ажиллагаатай холбоотой дуулиан мөн сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтэд ил болж байжээ.
Юн Сук Ёлын талаар ч дуулиантай мэдээлэл олон байдаг.
Нүдний нэгэн төрлийн өвчнөөс болж цэргийн албанаасаа халагдаж, уг өвчнөөсөө болж жолооны үнэмлэх авч чадаагүй Юн Сук Ёл их сургуулийн төгсөх шалгалтдаа есөн удаа унаж байжээ.
Үүнийг нь 1980 оны ардчиллын төлөөх оюутны бослогод идэвхтэй оролцож, тухайн үеийн эрх баригчдыг хурцаар шүүмжилж байсантай нь холбон тайлбарладаг.
Юн Сук Ёл 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд холбогдох авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж, олон хүнийг баривчилж байсан юм.
Юн Сук Ёл 2019-2021 онд БНСУ-ын Ерөнхий прокуророор ажилласан.
Тэрбээр прокурорын хувиар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак, Пак Гын Хэ, Тагнуулын газрын гурван дарга, нэг ерөнхий шүүгч, 100 гаруй өндөр албан тушаалтан, “Samsung”, “Hyundai” корпорацийн удирдлагуудыг ялласан.
Юн Сук Ёлыг шүүмжлэгчид түүнийг хэт барууны популист гэж тодорхойлох нь бий.
Тэр эдийн засаг дахь төрийн оролцоог эсэргүүцдэг. Юн Сук Ёл Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцлахаа мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байгаа билээ.
Юн Сук Ёл мөн “Ерөнхийлөгч болвол БНСУ-ыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно. АНУ-ыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт дахин стратегийн зэвсэг байршуулахыг шаардана” хэмээн мэдэгдэж, дуулиан тарьж байв.
Хүмүүс Юн Сук Ёлын энэхүү мэдэгдлийг “Маш хариуцлагагүй” гэж тодорхойлон, эсэргүүцэж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.