ОХУ 2022 он дуустал зарим нэр төрлийн бүтээгдэхүүнд экспортын хориг тавилаа

ОХУ 2022 он дуустал зарим нэр төрлийн бүтээгдэхүүнд экспортын хориг тавилаа

Украинд цэрэг оруулснаас үүдэлтэй Өрнөдийн хориг арга хэмжээний хариуд ОХУ 2022 оныг дуустал олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд экспортын хориг тавьсан байна. Энэ хоригт харилцаа холбоо, эмнэлэг болон эрчим хүчний тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, ХАА, мод модон бүтээгдэхүүн  зэрэг 200гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн багтжээ.

Мөн Оросын сангийн яамны мэдээлснээр цаашид авах арга хэмжээнд гаднын хөлөг онгоцнуудыг Оросын боомтуудад нэвтрэхийг хориглож ч  магадгүй бололтой. Оросын засгийн газраас жагсаасан “Нөхөрсөг бус үйл ажиллагаа явуулсан улс орнууд”-руу чиглэсэн энэ хориг эдийн засгийн гол салбаруудын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилготой гэж Оросын сангийн яамны мэдэгдэлд онцолжээ.

Оросын энэ хоригт АНУ, болон Европын холбооны орнууд гээд ойролцоогоор 48 улс багтжээ. Харин Гүржээс салан тусгаарласан Өмнөд Оссет, Абхаз болон Оросын тэргүүлдэг Евро-Азийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудыг энэ экспортын хоригоос чөлөөлөх юм.

Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, “Энэ хоригт ОХУ-д үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахыг хориглоно. Тухайлбал автомашин, галт тэрэгний эд анги, чингэлэг багтаж байгаа.” хэмээн мэдэгджээ.

Өрнөдийн улс орнууд Оросын эсрэг хэд хэдэн хориг тавьсны дотор газрын тос худалдан авах, ерөнхийлөгч Путины ойрын хүрээлэлд багтдаг гэх тэрбумтан, олигархуудад хориг арга хэмжээ авсан.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.