Япон хилийн хяналтын хязгаарлалтуудыг үе шаттайгаар сулруулж магадгүй.
Япон “COVID-19” халдварын улмаас тогтоогоод буй хилийн хяналтаа сулруулж, ирэх дөрөвдүгээр сараас өдөрт хилээрээ нэвтрүүлэх иргэдийн тоог 7000-аас 10 мянгад хүргэж нэмэгдүүлэхээр хэлэлцэж байна гэж тус улсын Засгийн газрын эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.
Ерөнхий сайд Кишида Фүмиогийн мэдэгдсэнээр, Засгийн газар хэт хатуу хэмээн шүүмжлүүлж байгаа хилийн хяналтын арга хэмжээнүүдийг дотоодын болон хилийн чанад дахь халдварын нөхцөл байдал, бусад улс орнуудын хилийн хяналтын хязгаарлалтуудыг харгалзан үе шаттайгаар сулруулна.
Сүүлийн үед Японы олон бүсэд “Омикрон” хувилбарын тархалт саарч буй байдал ажиглагдах болоод байгаа бөгөөд Токио тэргүүтэй хотын бүсүүд халдвартай тэмцэх чангатгасан арга хэмжээнүүдийг товлосны дагуу ирэх даваа гаргаас цуцлах хүсэлтээ илэрхийлээд байгаа ажээ.
Халдварлах чадвар өндөр коронавирусний хувилбар шинээр үүссэнтэй холбоотойгоор Японы эрх баригчид 11 дүгээр сарын сүүлээс оршин суух эрхгүй гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон юм. Харин гуравдугаар сараас Засгийн газар холбогдох дүрэм журмыг аажмаар сулруулж, өдөрт хилээрээ нэвтрүүлэх иргэдийн тоог 7000-д хүргэн нэмэгдүүлээд байна. Гэхдээ гадаадын жуулчдад хараахан хилээ нээгээгүй байгаа юм.
Дөрөвдүгээр сард Японы бизнес, хичээлийн жил эхэлдэг бөгөөд жилийн энэ үед зорчих хөдөлгөөний эрэлт өсдөг. Мөн гадаадын олон оюутан Японд ирж суралцахаа хүлээж байгаа тул Засгийн газар тэднийг эхний ээлжид нэвтүүлэх төлөвлөгөөгөө танилцуулаад байна. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мацүно Хироказүгийн мэдээлснээр, Гадаадын оюутнуудын дийлэнх нь тавдугаар сарын эцэс гэхэд Японд ирэх төлөвтэй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.