Европт “омикрон” хувилбарын “BA2” дэд хувилбарын тохиолдол өсчээ.
Европт “COVID-19”-ийн “омикрон” хувилбарын “BA2” дэд хувилбарын тохиолдол өсөж байгаа талаар Европын Эмийн агентлаг /EMA/ пүрэв гарагт мэдээлжээ.
“Европын Холбооны олон орон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж байгаатай зэрэгцэн зарим оронд халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Үүнд бусад хувилбараас халдварлах чадвар нь илүү өндөр бололтой байгаа “BA2” хувилбарын тархалт нөлөөлж байна” гэж Эмийн агентлагийн төлөөлөгч Марко Кавалиери сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, халдварын тохиолдлын тоо ийнхүү өсөж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудын ачаалалд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж байна. Эмийн агентлагийн хувьд өөр өөр технологиор гарган авсан таван “COVID-19”-ийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд вакцинд хамрагдаагүй иргэдэд аль болох ойрын хугацаанд вакцин хийлгэхийг уриалж байгаа юм.
“Вакцинд хамрагдсаны дараах дархлааны хариу урвал “BA2” дэд хувилбарт эрс ялгаатай гэх нотолгоо одоогоор алга байна. Вакцинууд нь эмнэлэгт хэвтэх, улмаар нас барахаас өндөр хувиар хамгаалсан хэвээр байна” гэдгийг М.Кавалиери тодотгожээ. Европын Эмийн агентлаг “Pfizer/BioNtech”, “Moderna”, “AstraZeneca”, “Janssen”, “Novavax” компанийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.