Коронавирус Европын эв нэгдлийг шалгаж байна
Цар тахалд нэрвэгдээд буй Европын Холбооны гишүүн улс орнууд Бээжингийн дэмжлэгт найдаж байна. КОВИД-19 коронавирусний дэгдэлт Европын нэгдмэл байдлыг дахин шалгаж байна. Итали, Испани зэрэг цар тахалд хамгийн ихээр өртөж буй ЕХ-ны гишүүн орнууд Брюсселиэс бус, Бээжингээс тусламж хүлээхээс өөр аргагүйд хүрээд байна.
БНХАУ үгүйгээр Европ өөрийгөө коронавирусээс хамгаалж чадах нь эргэлзээтэй. Ямартаа ч үүнд Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич итгэлтэй байна. Европын эв нэгдэл зөвхөн цаасан дээр оршдог ба ноцтой нөхцөл байдалд бодит тусламжийг зөвхөн Хятадаас хүлээх нь найдвартай гэж тэрбээр улс орондоо онцгой байдал зарласныхаа дараа мэдэгджээ.
ЖИНХЭНЭ НӨХӨР ГЭЖ ХЭН БЭ
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Европын Холбооны гишүүн орнуудаас эмнэлгийн хэрэгсэл импортлох боломжгүй байна гэж хэлж байсныг Вучич онцлов. Брюсселийн зүгээс ЕХ-нд багтдаггүй улс орнуудад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхийг хориглосон нь үнэн. Ингэснээр ЕХ цар тахлын нөхцөл байдалд өөрийн нөөцөө гамнахыг зорьж буй. Серби улс ЕХ-нд элсэхээр горилж байгаа бөгөөд энэ тусламжийн төлөө өрсөлдөх боломжгүй гэсэн үг. “Энэ бол зөв шийдвэр. Учир нь бидний эрүүл мэндэд эдгээр тоног төхөөрөмж шаардлагатай” гэж фон дер Ляйен жиргэж байсан. Ноцтой асуудалтай ганцаарчлан нүүр тулсан Сербид Хятад улсад хандахаас өөр зам үлдээгүй. “Би Ерөнхийлөгч Ши-д захидал илгээж, анх удаа түүнийг эрхэм хүндэт нөхөр төдийгүй ах, зөвхөн миний бус, энэ улсын анд нөхөр, ах гэж албан ёсоор нэрлэсэн” гэж Вучич онцолсон. Тэрбээр Хятад улсаас коронавирустэй тэмцэхэд шаардлагатай бүхий л зүйлээр туслах, тэр ч байтугай эмч, мэргэжилтнүүдээ илгээхийн хүссэн байна.
АМЬ АМИА БОДООРОЙ
Практик дээр Брюссель хөршүүддээ төдийгүй ЕХ-ны гишүүн орнуудад ч тусламж үзүүлэх чадалгүй байгаа нь харагдаж байна. Өнгөрсөн сард Италид коронавирусний халдвар тархаж эхлэх үед Ром Онцгой байдлын хариу үйлдлийг зохицуулах төвөөр дамжуулан ЕХ-нд хандан, тусламж хүссэн. “Бид эмнэлгийн тоног төхөөрөмж авах хүсэлт тавьсны дагуу Европын комисс ЕХ-ны бусад гишүүн орнуудад энэхүү уриалгыг илгээсэн ч бүтээгүй” гэж Италиас ЕХ-нд суугаа байнгын төлөөлөгч Маурицио Массари ярьжээ.
Одоогоор ЕХ-ны ганц ч гишүүн орон Италид тусламжийн гараа сунгаагүй л байна. Тус улсад хамгийн сүүлийн үеийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 101 мянгыг давж, 11 мянга гаруй хүн нас барсан. Италийн эмч нар хоногийн 24 цаг шаардлагатай эм, хэрэгсэл, төхөөрөмжийн хомстолтой нөхцөл байдалд ажиллаж байна. ЕХ-ны зарим улс оронд, ялангуяа Зүүн Европын улс орнуудад харьцангуй тогтвортой байгаа ч хэн нь ч цар тахалд хамгийн ихээр өртөж буй хөршдөө туслахаар яарахгүй байна. Герман улс энэ сарын дундуур нэг сая амны хаалт явуулснаас өөр Итали улс ЕХ-ны орнуудаас тусламж авсангүй. Европ Италийг 2008 оны эдийн засгийн хямрал, 2015 онд дүрвэгсдийн хямралд ганцааранг нь үлдээж байсан шиг энэ удаа бас л тийм сэтгэгдэл төрүүлж байна гэж шинжээчид онцолсныг “International Politics and Society (Олон улсын улс төр, нийгэм)” сэтгүүл дурджээ.
Ямартаа ч Итали нэн хэрэгцээт тусламж, дэмжлэг авсан. Энэ сарын 12-нд Ром хотноо Хятадын онгоц газардав. Хятад улс тус онгоцоор эрүүл мэндийн есөн шинжээчээ, 31 тонн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас хэрэгсэл, вирусний эсрэг эм бэлдмэл зэргийг тусламжийн эхний ээлж болгон илгээжээ. Мөн энэ үеэр Италид 230 хайрцаг эмнэлгийн тоног төхөөрөмж ачсан Хятадын ачааны машин хүрэлцэн ирсэн байна. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Италийн гадаад хэргийн сайд Луижи ди Майод эхний ээлжийн тусламжаас илүү ихийг илгээнэ гэж утсаар ярихдаа амлав. Үүнээс хойш хоёрхон хоногийн дараа дахин тусламж ирсэн юм.
ХЯТАД ТУСЛАХААР ЯАРЧ БАЙНА
Цар тахлын голомт болсон Европт Бээжингийн тусламжид найдсан улсын тоо зөвхөн Серби, Италиар тогтохгүй. Хятадын гадаад хэргийн сайд Ван И Испанид тусламж үзүүлнэ гэж амласны дагуу Сарагоса хотын нисэх онгоцны буудалд хагас сая амны хаалт зэрэг тусламж бүхий онгоц Шанхайгаас ирсэн. Бельги Хятадын “Alibaba” компанийн үүсгэн байгуулсан буяны байгууллагуудаас 300 мянган амны хаалт хүлээн аваад байгаа бол Польш улс 10 мянган оношлуур, хамгаалалтын хувцсыг тусламж болгон авчээ. Хятадын тусламжийн гар Францыг орхисонгүй. Хятадын мэдээллийн Синьхуа агентлаг “Эв санааны нэгдэл хүчирхэгжүүлнэ” гэж хятад, франц, фламанд хэлээр бичсэн уриа бүхий тусламжийн чингэлгүүдийн гэрэл зургийн нийтэлсэн байна. Хятадын эмнэлгийн хэрэгсэл бүхий тусламж ачсан онгоцнууд Европын нисэх онгоцны буудлуудад газардсаар. Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан тус хоёр улс коронавирусний цар тахлын эсрэг амжилттай тэмцэж байна хэмээн талархлаа илэрхийлэв. Франц улс Хятад улсад хамгаалалтын хэрэгслүүдийг нийлүүлж, эд санааны нэгдлээ илэрхийлж байсан бол өдгөө Хятад улс хариу эв нэгдлийг илэрхийлсэн алхам хийснийг өндрөөр үнэлж байна гэж тэрбээр мэдэгдсэн юм. Үүнээс гадна Хятад улс ЕХ-нд эмнэлгийн эм, хэрэгсэл нийлүүлэх процедурыг хөнгөвчилнө гэж амласан билээ. Хятадын тусламж зөвхөн Европын улс орнуудаар хязгаарлагдахгүй. Хятадын Засгийн газар болон төрийн бус байгууллагууд Иран, Ирак, Филиппин, Камбож зэрэг олон улсад эмч нар болон эмнэлгийн хэрэгслүүдийг илгээж байна. Тэрбумтан Жек Ма ОХУ болон АНУ-д тус бүр сая амны хаалт, оношлуур зэргийг хандивласан. Үүнээс гадна, Жек Магийн байгуулсан “Ма” сан Африкийн улс орон бүрд 20 мянган оношлуур, 100 мянган амны хаалт, нэг мянган хамгаалалтын хувцас, нүүрний хаалтыг тус тус илгээнэ гэдгээ зарласан билээ.
Хятадын засгийн газар нөлөөллөө хилийн чанадад бэхжүүлэх замаар БНХАУ-ыг дэлхийн тэргүүлэгч гүрэн болгохоор эрмэлзэж байна. АНУ-ын Засгийн газрын бараг бүтэн зуун жилийн туршид хийж байсан зүйлийг Хятад улс өдгөө хэрэгжүүлж байна. Эмнэлгийн тусламж бол энэ зорилгын нэгээхэн хэсэг юм гэж Корнеллын их сургуулийн судлаач Янгьян Чэн үзэж байна.
Энэ үнэн байсан ч гэлээ Хятадын манлайлалтай маргахад хүнд. Ялангуяа коронавирустэй тэмцэх тал дээр. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээллээр, тус улсын газар нутаг дээр халдварыг бүрэн зогсоосон бөгөөд эмч нар зөвхөн зөөвөрлөж орж ирсэн халдвартай тэмцэж байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.