НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украин дахь мөргөлдөөнийг зогсооход зуучийн үүрэг гүйцэтгэх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргасаар байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй цэргийн түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаагаа уулзжээ.
А.Гутерреш Оросыг хүч хэрэглэх явдлыг эхлүүлснийг шүүмжлээд, мөргөлдөөнд нэрвэгдсэн энгийн иргэдэд, ялангуяа Мариуполь хотод гацсан хүмүүст туслахад илүү их хувь нэмэр оруулахыг В.Путинд уриалсан байна.
НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, В.Путин энэ санааг “зарчмын хувьд” зөвшөөрсөн бөгөөд ингэснээр энэ чиглэлд гаргаж буй хүчин чармайлтад НҮБ, Олон улсын Улаан загалмай нийгэмлэг оролцохоор болжээ.
В.Путиний хувьд энхийн замаар шийдвэрлэх боломжийг эрэлхийлсээр байгаагаа онцлоод, цахим хэлбэрээр явагдаж буй хэлэлцээ эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэв. Гэсэн хэдий ч Украины тал өнгөрсөн сард Туркт хийсэн хэлэлцээний үеэр хүрсэн зарим тохиролцооноос буцсан гэдгийг нэмж хэлсэн байна.
А.Гутерреш мягмар гарагт мөн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, гал зогсоохыг уриалсан юм. С.Лавров хэлэхдээ, Өрнөдийн орнууд Украин руу зэвсэг илгээсээр байвал яриа хэлэлцээ амжилтгүй болох нь гарцаагүй хэмээгээд, хурцадмал байдал даамжирч байгааг анхааруулснаас гадна цөмийн мөргөлдөөний аюулыг дутуу үнэлж болохгүй гэсэн байна.
НҮБ-ын тэргүүн пүрэв гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нийслэл Киев хотноо уулзана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.