БНСУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-д “COVID-19”-ийн вакцин илгээх саналыг тавьсан
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНАСАУ-д “COVID-19”-ийн вакцин илгээх саналыг өнөөдөр тавьсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Улс орондоо коронавирусний халдвар огт бүртгэгдээгүй гэж хоёр жил гаруйн турш мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдлын талаар пүрэв гарагт мэдээлээд, халдварын тархалтыг хяналтад авахын тулд “өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшнийг” тогтоосноо зарласан юм.
“Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНАСАУ-ын ард түмнийг “COVID-19”-ийн вакцин болон эмнэлгийн бусад шаардлагатай хэрэгслээр хангахаар төлөвлөж байна. Бид БНАСАУ-ын талтай энэ талаар хэлэлцээ хийнэ” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Кан Ин Сун хэлжээ.
Өнөө өглөө БНАСАУ халдварын тархалтын талаарх хоёр дахь мэдээгээ нийтэлж, “COVID-19” халдварын улмаас зургаан хүн нас барсныг мэдээлсэн байна. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн нэг нь “оимкрон” хувилбараар халдварласан байжээ.
Ерөнхийлөгчийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ БНСУ-ын саналд БНАСАУ хараахан хариу өгөөгүй байгааг дурдаад, тусламж илгээх шийдвэрийн талаар АНУ-тай урьдчилан хэлэлцээгүй гэдгийг хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.