Иргэдийг амны хаалтаа тогтмол зүүхийг уриаллаа.
ЭМЯ-наас цар тахлын нөхцөл байдал, баяр наадмын өдрүүдийн эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээллээ. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр цар тахлын омикрон хувилбарын дараагийн давалгаа тархаж эхлээд буйг сэрэмжлүүлэн мэдээллээ. Манай улсад энэ сард нэг нас баралтыг бүртгэсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикроны BA.4, BA.5 хувилбар 10 орчим хувь илэрч байна. Цаашид нь нэмэгдэх төлөвтэй байгаа учир иргэдийг амны хаалтаа тогтмол зүүхийг уриаллаа
Мөн олон нийтийн үйл ажиллагаанд ахмад настан, хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Шинж тэмдгийн хувьд толгой өвдөж, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгах байдалтай. Хүүхдүүдийн хувьд өндөр халуурч, ханиалгаж, бөөлжих суулгах шинж тэмдэг илэрч байна. Халдвар авсан хүмүүс аль болох гэртээ дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй байна. Амт үнэрээ алдах шинж тэмдэг энэ хувилбарын хувьд илрэхгүй байгаа. Иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.
Мөн 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Энэ шийдвэрийг гаргахдаа ЭМЯ-ны дэргэдэх Хүүхдийн салбар зөвлөл, Дархлааны салбар зөвлөл, бусад энэ чиглэлийн ТББ-уудын саналыг авсан. Дэлхийн олон оронд хүүхдүүдэд вакцин хийж эхэлсэн. АНУ-д гэхэд 2021 онд найман сая гаруй хүүхэд вакцинд хамрагдсан байна.
Бид тухайн улс орны вакцины урвал, гаж нөлөөг нь судалсан. Мөн энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан. Бид одоо хавсарсан өвчтэй хүнд хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлнэ. Хөнгөн хүмүүсийг гэрээр эмчлэх заавар зөвлөгөөг өгнө. Ирэх намраас цар тахлын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байна.
Монгол Улсын хувьд "КОВАКС" хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авч байгаа. Эхний 300 мянган хүн тун вакцин ирсэн. 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн 1/3 хувиар 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ. Сайн дурын үндсэн дээр учраас эцэг эхчүүд сонголт хийх боломжтойг мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.