БНСУ-ын Похан боомт хотын ихэнх хэсэг үерт автжээ
Супер хүчит Хиннамнор хар салхины улмаас Кёнсан аймгийн Похан боомт хотын ихэнх хэсэг үерт автжээ. Тус хотод 70-100 мм бороо орж, хотын эрэг дагуу хэсэг усанд автжээ.
Үерийн улмаас POSCO гангийн үйлдвэрт гал гарч, хэд хэдэн удаа дэлбэрэлт үүссэн тухай хотын иргэд ярьлаа. Тус хотод гангийн үйлдвэрүүд, автомашины үйлдвэрүүд болон бусад үйлдвэрлэл олноор байдгаараа алдартай.
06:00 цагийн байдлаар төвдөө 955 гектопаскаль атмосферийн даралттай, салхины дээд хурд секундэд 40 км-т хүрсэн ба Хиннамнор хар салхины хүч нь 2003 онд Өмнөд Солонгост тохиолдсон хамгийн их гамшигт хар салхины нэг болох Маеми хар салхины хүчтэй адил байв.
Уг хар салхинаас үүдэн Улсан хотод 25 настай иргэн сураггүй алга болсон бол Өмнөд Кёнсан, Жолла мужийн хөрсний гулгалт, үерт өртсөн бүс нутгийн 2661 өрхийн 3263 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Мөн 15.000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд 20.334 айлын цахилгаан тасарсан байна. Улс даяар хэд хэдэн хурдны замыг хаан, сургуулиудыг зайны сургалтад шилжүүлж, 50 чиглэлд зорчиж байсан 70 хөлөг онгоцыг зогсоон, 12 нисэх буудал дахь 251 нислэгийг цуцалж, 354 галт тэрэгний хуваарийг түр зогсоосон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.