"Хөх Монгол" язгуур хамтлагаас дараах мэдэгдлийг гаргажээ.

"Хөх Монгол" язгуур хамтлагаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Италийн Наполи хотод болж байгаа "Азийн соёлын өдөрлөг" өдөрлөгт Монгол улсын оролцож буй байдлыг харуулсан бичлэг цахим орчинд тархаж, шүүмжлэл дагуулаад байгаа. Үүнтэй холбоотойгоор "Хөх Монгол" язгуур хамтлагаас дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛ

“Хөх Монгол” язгуур урлагийн хамтлаг 1997 оноос хойш Европын улс орнуудад монголынхоо язгуур соёл урлагийг сурталчлан таниулж ирсэн. Бид Итали Улсын “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниас зохион байгуулдаг олон улсын “Дорно дахин” фестивальд сүүлийн 8 жил амжилттай оролцож жил бүр Италийн хотуудаар Монгол Улсаа сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэхүү арга хэмжээнд сонирхсон байгууллага, хувь хүн цахимаар бүртгүүлэн оролцох боломжтой бөгөөд манай хамтлагийн хувьд энэ сарын 24,25-ны өдрүүдэд Итали Улсын Перужиа хотод, 10 дугаар сарын 8-ны өдөр Милан хотод зохиогдох фестивалуудад оролцохоор бүртгүүлээд бэлтгэлээ хангаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Наполи хотод болсон фестивальд оролцохгүй гэдэгээ бид “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компаниад урьдчилан мэдэгдсэн болно.

Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр Altantuya Byambasuren хийж тараасан бичлэгт гарсан монгол гэр нь “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэр бөгөөд тус компани монгол гэрийг нэгэнт Наполид аваачсан тул гэр барих ажлыг эхлүүлээд дуусгаж амжаагүй учраас нэвтрэхийг хориглосон анхааруулах тэмдэглэл тавьж хаалгыг хаасан талаар бидэнд мэдэгдсэн. Одоо тус компаниас нэвтэрхийг хориглосон хэсэгт монгол хүмүүс хэрхэн орж бичлэг хийсэн талаар тайлбар хүсч тус компанийн өмч болох монгол гэр болон гэр дотор байсан үзмэр, эд хэрэгслийг бүртгэн эвдэрч гэмтсэн, дутаж, алдагдсан тохиолдолд хохирлоо нэхэмжлэн төлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн.

Асуудлын учрыг тодруулалгүйгээр энэ арга хэмжээний зохион байгуулалтад хамааралгүй Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Ром дахь Элчин сайдын яамны нэрийг зохион байгуулагч мэтээр үндэслэлгүйгээр гүтгэн хэлж цохон дурдаж, улмаар эх орноо гадаадад сурталчлан таниулах гэж хичээж зүтгэж ирсэн бидний хөдөлмөр зүтгэл, эх орныг минь сурталчилж ирсэн “Фестивал Дэ Ориенте” (Festival Dell Orienti) компанийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл тарааж буй Altantuya Byambasuren-д харамсаж буйгаа хэлье. Энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийн хоёр байгууллага хамтран зохион байгуулж ирснийг дахин тодотгоё.

Энэ ташрамд өнгөрсөн он жилүүдэд Европын орнуудад болон Итали Улсад Монгол Улсын язгуур урлагаа сурталчлах бидний амаргүй ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Монгол Улсын ЭСЯ-ны хамт олондоо талархаж явдaгаа илэрхийлье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.