“Эрүүл ой” төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

“Эрүүл ой” төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

“Эрүүл ой” төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх 3 талт хамтын ажиллагааны гэрээг Монгол Улсын БОАЖЯ, Рио Тинто Монгол ХХК, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ-ын төлөөлөл үзэглэв.

Төсөл нь энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр БОАЖЯ, Рио Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх эхний томоохон ажил юм.

Талууд “Эрүүл ой” төслөөр Монгол орны ой модыг устгаж, доройтолд оруулж буй хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллийг багасгах, “Тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж, ойн төлөв байдлыг сайжруулах, хамгаалах, Монголын ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэхэд хамтран ажиллах зэрэг зорилт дэвшүүлжээ. Учир нь тэрбумаар тоологдох мод тарихын зэрэгцээ Монгол орны ойн сангийн өнөөгийн нөөцийг доройтохоос хадгалж хамгаалах нь чухал байна.

Монгол орны газар нутгийн 7.9 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай эзэлдэг. БОАЖЯ-ны судалгаагаар цар тахлын хөл хорионы улмаас тогтмол хийдэг ойн хөнөөлт шавж устгал хойшлогдсоноос үүдэн 2022 онд хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд их хэмжээгээр нэмэгджээ. Нийт 700 мянган га орчим ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн тооцоо гарсны дотор 11 аймгийн ойн сан бүхий газар, Богдхаан уулын улсын ТХГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойг хамарч байна. БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126,000 га ойн сан доройтолд орно гэж дүгнэжээ.

Иймд Рио Тинто компанийн санхүүжилтээр, БОАЖЯ-ны удирдлага дор, Олон улсын байгаль хамгаалах байгууллагын ойн мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх “Эрүүл ой” төслийн хүрээнд хортон шавжаас үүдэлтэй доройтсон газар нутгийн тал хувийг хамарсан тэмцлийг 2023-2024 онд хийж, шинэлэг, олон улсын шилдэг арга, техник нэвтрүүлэн үр дүнг 90 гаруй хувьд хүргэх, урт хугацаанд ойг хөнөөлт шавжаас тогтвортой хамгаалах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх Монгол Улсын чадавхыг нэмэхээр төлөвлөжээ.

Төсөл хэрэгжүүлснээр Монголын тэрбум гаруй модыг аварч, хөнөөлт шавжтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, үр дүнг хамгийн өндөр түвшинд хүргэх юм.

“Эрүүл ой” төслийн гэрээнд зурах үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жил бүр нэмэгдэж буй хөнөөлт шавжийн тархалтыг зогсоож, хүний нөөцийг чадавхжуулж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлснээр тэрбумаар тоологдох модыг аврахыг зорьж байна” гэсэн бол Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Монгол орны ойн санг хөнөөлт шавжаас хамгаалах, мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулахыг дэмжихээ тодотгожээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.