Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулган боллоо

Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулган боллоо

Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс санаачлан Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалтад ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 60 орчим сэтгүүлч оролцов.
 
Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, ахмад сэтгүүлчдийн санал санаачилга, үр нөлөөг сэтгүүл зүйн салбарт нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна. Энэхүү шаардлагыг ажил хэрэг болгох, манлайлал үзүүлэх нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн зорилго. Иймээс энэ удаагийн чуулга уулзалтаар “Ахмад сэтгүүлчид манлайлал үзүүлэх нь” үндсэн илтгэлийг МСНЭ-ийн харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Ууганбаяр тавьж хэлэлцүүлэв. Мөн “Хариуцлагатай сэтгүүл зүйн асуудал, Ахмад залуу үеийн хамтын ажиллагаа” сэдвээр ахмад сэтгүүлч Ц.Сүхбаатар илтэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. “Ярьдаг сэтгүүл зүй, редакторын үүрэг, ёс зүйн нөлөө” илтгэлийн ахмад сэтгүүлч Л.Мөнхтөр тавив. Дээрх илтгэлүүд нь сэтгүүл зүйд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд ахмад сэтгүүлчдийн оролцоо, санал санаачилгыг хангахад чиглэж байна. Тэр дундаа ахмад сэтгүүлчид манлайлал үзүүлэх хэлбэрээр редакторлох арга зүйг залуу, хойч үедээ төлөвшүүлэхэд анхаарах юм.
 
МСНЭ-ийн дэргэд ахмадын хороо байгуулав. Ахмадын хорооны даргаар Б.Энхтуяаг томилов. Энэхүү зөвлөл нь уг чуулганаас гарсан уриалга, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарах, МСНЭ-ийн үндсэн үйл ажиллагааг ахмад сэтгүүлчидтэй холбох ажлыг эрхлэн явуулна.
 
Мөн Ө.Отгонбаатар Ерөнхийлөгчийн санаачилгаар ахмад сэтгүүлчдээс бүрдсэн Редакторын дэд хороо байгууллаа. Энэхүү дэд хороо нь сэтгүүл зүйд дутагдаж буй редакторын ёс зүй, хэм хэмжээг тодорхойлж, шаардлагатай редакциудад сургалт өгөх зэргээр үйл ажиллагаа явуулна.
 
МСНЭ нь редакциудыг төлөвшүүлэх, чадавхжуулах, сэтгүүлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд ахмад сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж буй юм. Цаашид ахмад болон дунд үеийн сэтгүүлчдийн оролцоотойгоор залуу сэтгүүлчдийг мэдлэгжүүлэх, чадавхжуулах чиглэлд хэд хэдэн санал санаачилгыг гарган ажиллахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.