Б.Жавхлан: "Эрэл" компанийн эд хөрөнгийг хурааж, чанаргүй зээлийг нь төлүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн /2022.10.05/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хөгжлийн банк дээр байгаа төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой чанаргүй зээлүүдийг үлдсэн хугацаанд төлж барагдуулах, шуурхайлах чиг үүргийг холбогдуулах сайд нарт өгсөн. Энэхүү үүргийн биелэлийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 140-өөд тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдсөн. Нийт 800 тэрбум төгрөг болж байна. Энэ хэмжээгээр бус банкны тэнцэл ч сайжирч байна. "Эрдэнэс таван толгой" ХХК-иас 160-аад тэрбум төгрөгийн зээл төлөх ёстойгоос 110 тэрбум төгрөгийг хийж барагдууллаа. Үлдсэн 43 тэрбум төгрөгийг он гарч эхний ээлжид төлөхөөр ойлголцлоо. МИАТ компани зээлийн үлдэгдэл болох 10 тэрбумаа төлснөөр өргүй болж байна.
Цаашид "Хөтөл цемент" болон "Эрэл" ХХК-ийн чанаргүй зээлийг төлүүлэх тал дээр ажиллаж байна. Ялангуяа АТГ маш сайн хамтарч ажиллаж байна. Ойрын хугацаанд үр дүн гаргахаар зорьж байна. Одоогоор 800-аад тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Үүнийг жилийн эцэс рүү нэг их наяд төгрөг болгохоор ажиллаж байна. Энэ хугацаанд "Эрэл"-ийн эд хөрөнгийг албадан хураах зэрэг хүчний байгууллагатай хамтарсан ажил хийгдэнэ. "Хөтөл"-ийн хувьд үйл ажиллагаа нь явж байна. Тус компани нь өөрийн дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэх ачаалалтай явж байна. Тэр дундуураа зээлийг төлөх нь үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй байгаа учраас хэд хэдэн хувилбар дээр ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.