Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбар хямралын ирмэгт ирлээ

Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн салбар хямралын ирмэгт ирлээ

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй 2023 оны төсвийн төсөлд эрүүл мэндийн салбарын асуудлыг хэрхэн тусгаад буй талаар ярилцлаа. 

Улсын Их Хурлын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн 2023 оны төсвийн тухай хуульд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

Уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе. 2020 онд Засгийн газраас өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр иргэддээ ээлтэй хүндрэл чирэгдэлгүй, өвчнөөс болж ядууралд хүргэхгүй нөгөө талаас эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд бидний олон жил хүсэн хүлээсэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг, авсан цалин нь амьдралд хүрдэг байх тийм тогтолцооны эхлэлийг тавьсан.

Монгол Банкны албан ёсны цахим сайтад байршсанаар 2021 онд инфляц 9-10 хувь, 2022 онд 15-16 хувь байна. Долларын ханш бодит байдал дээр 20-иос дээш хувиар нэмэгдсэн, эмнэлгүүдийн худалдан авдаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм бүгд инфляцаа дагаад өссөн байтал Засгийн газраас эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг 2022 оны төсөвтэй адил оруулж ирсэн.

Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сард баталсан 01 дугаартай тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний тарифын хэмжээг тооцож оруулж ирсэн нь инфляц, долларын өсөлт, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тарианы өсөлтийг тооцоогүй байгаад харамсаж байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01-р тогтоолын 3.1.1-д зааснаар албан ёсны статистикаар жилийн инфляцын сүүлийн 2 жилийн нийлбэр 10 хувиас давсан, 3.1.3-д зааснаар амрерик долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн 2 жилийн дотор 20-иос дээш хувиар өссөн тохиолдолд тусламж үйлчилгээний суурь тарифийг заавал шинэчилнэ гэж баталсан.

Гэтэл эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг тооцохдоо өөрөө өөрийнхөө баталсан тогтоолыг зөрчиж, тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг инфляц, долларын ханшийн өөрчлөлт, багаж хэрэгсэл, эм тарианы үнийн өсөлттэйгээ уялдуулан нэмэгдүүлж шинэчилж, эрүүл мэндийн салбарын 2023 оны төсвийг бодитой тооцож оруулж ирээгүйд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, зовлон жаргалыг нь мэддэг хүний хувьд сэтгэл тун дундуур байна.

Энэ бүхний цаана хэн хохирох вэ? гэвэл хэдэн сараар эмнэлэгт үзүүлж буй иргэд хохирно. Яагаад гэвэл үзүүлэх тусламж үйлчилгээний зардал нь олгож буй зардалдаа хүрэхгүй болохоор эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ дургүй болно, очер дараалал бүр нэмэгдэн, эмч, сувилагч, ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж чадахгүйд хүрнэ. Өдрөөс өдөрт юмны үнэ өсөж байхад авдаг цалин хөлс нь амьдралд хүрэхгүй байхаар манай салбарын олон хүн мэргэжлээ орхиж, өөр ажил төрөл хийж, зарим нь гадагшаа явж байгаа нь бодит үнэн.

Ирэх онд тэгвэл эрүүл мэндийн салбар хүнд байдалтай нүүр тулгарах болоод байна гэж ойлгож болох уу?

Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифийг шинэчилж, 2023 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхгүй бол тийм байдалтай нүүр тулна. Улсын Их Хурлаас  баталсан Эрүүл мэндийн даатгалын хуулийн 14.9.12-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь тусламж үйлчилгээний өртгийн жинг батлахдаа орон тооны бус техникийн хорооны мэргэшсэн шинжээч, судлаач нараар бодитой тооцоо хийлгэж дүгнэлт, зөвлөмжид нь үндэслэнэ шийдвэр гаргана гэж хуульчлан баталсан. Гэтэл УИХ-аас баталсан хуулийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38.2.1-д заасан Засгийн газар хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах гэсэн заалтыг зөрчиж байна гэж миний бие үзэж байгаа.

Энэ онд эхлүүлсэн эрт илрүүлэгт 60.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин ирэх онд энэ дүн яаж өөрчлөгдөх вэ?

Улсын Их Хурлаас 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахад миний бие эрт илрүүлэх, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлэх талаар оруулж өгсөн. Үүнд 2022 оны төсөвт 60.8 тэрбум төгрөгийн улсын төсөвлөж өгсөн. Гэтэл 2023 оны Улсын төсвийн төсөлд тусгайлан санхүүжилт тавигдаагүй байна.

Эрүүл мэндийн сайдаас асуухад 100 тэрбум төлөвлөсөн боловч Сангийн яам хасч хуучин төсвөөр нь оруулж ирсэн байна гэж хэллээ.

Иргэдийн зүгээс хөнгөлөлттэй эмийн асуудалд гомдол их хэлж байна. Энэ талаар таны байр суурь?

Бид хөнгөлөлттэй эмийг хүндрэлгүй, иргэдээ санхүүгийн эрсдэлээс хамгаалж, үнийг нь даасан шиг даадаг болгохоор хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Гэтэл хэрэгжүүлэхдээ хүндрэлтэй болгож байгаад харамсаж байна. Иргэдийн зүгээс ч хөнгөлөлттэй эмэнд маш их гомдолтой байна. Хөнгөлөлттэй эмийн үнэ маш их өссөн, авдаг тэтгэвэр тэтгэмж нь эмэндээ дуусдаг болсон. Хөнгөлөлттэй эм бичүүлэхэд төвөгтэй болсон гэж иргэд маань хэлж байна. Эрүүл мэндийн яам иргэдээ сонсож, батлагдсан хууль тогтоомжийг иргэддээ хүндрэл учруулахгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

Элэгний Д вирусний  эмийн асуудал юу болж байгаа вэ?

Улсын Их Хурлаас 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа элэгний Д вирустэй иргэдээ эмчлэх тухай тусгасан. Энэ ажил хоёр жил огт хэрэгжээгүй учраас энэ хавар миний бие Эрүүл мэндийн сайдаас асуулга асууж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Асуулгад Эрүүл мэндийн сайд удахгүй вирусний эмний судалгаа дуусна, эмийн компанитай олон удаагийн уулзалт хийж нааштай байгаа гэж мэдээлэл өгч байсан.

Гэтэл өнөөдөр энэ ажил урагшлаагүй байна.  Элэг бүтэн монгол хөтөлбөр тусгайлан төсөвт суух ёстой. Эрүүл мэндийн яам эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудаа, ард иргэдээ сонсож ажиллах шаардлагатай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.