МУГТ М.Анхцэцэг Ази тивийн хошой аварга боллоо.

МУГТ М.Анхцэцэг Ази тивийн хошой аварга боллоо.

Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 10 дугаар сарын 12-ны Баасан гарагт -87 кг жинд хүчээ сорин 3 алтан медалтйн эзэн болж, Ази тивийн хошой аваргаар тодорлоо.

Тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн хүчээ туйванч охид ийнхүү үнэхээр бахдам амжилттай оролцлоо. "Манама-2022"-д гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай 4 эмэгтэй туйванч хүчээ сорьсноос 59 кг-д Э.Энхтамир огцомоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгөн медаль хүртээд байсан билээ.

Монголын хүндийг өргөлтийн төдийгүй спортын түүхэнд "Алтан үсгээр" бичигдсэн олон амжилтын эзэн, Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, олимпын 4 байрын шагналт, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга "Алтан охин" хэмээн ард түмэндээ нэрлэгддэг, гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөд эхлээд 105 кг, түлхэлттэйд 135 кг-аар захиалгаа өгсөн нь энэ жингийн хамгийн өндөр захиалга байв. Огцомд Ц.Хосбаяр дасгалжуулагч тэмцээний явц, бусад өргөгчдийн амжилтыг харан эхний захиалгаа өөрчилж 111 кг болгоод эхний оролтоор амжилттай өргөсөн. Хоёр дахь оролтоо 114 кг-аар захиалаад бас өргөж, огцомд алтан медаль авах нь тодорхой болсон юм.

Түлхэлттэй өргөлтөөр М.Анхцэцэг эхний оролтоо гүйцэтгэж чадсангүй. Хоёр дахь оролтоороо харин 135 кг-аа хөнгөхөн авлаа. Ингээд түлхэлттэйд мөн л алтан медаль, нийлбэрээр алтан медаль авч Ази тивийн аварга цолыг дахин хүртлээ хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.

Ийнхүү манай улсын 4 тамирчин бүгд медальтай /3 алт, 2 мөнгө, 2 хүрэл/ Азийн аваргыг өндөрлүүлж, Алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа Бахрейнд эгшиглүүллээ.

Ирэх 12 дугаар сард Колумби улсад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.