Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулан нэмдэг жишигт шилжинэ

Л.Оюун-Эрдэнэ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулан нэмдэг жишигт шилжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮЭХ-ноос зохион байгуулсан "Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр" хэлэлцүүлэгт оролцож, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцууллаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа дээрх бодлогын баримт бичгийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллах талаар санал солилцов.

Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилд үүссэн баялгийн шударга бус хуваарилалт, тэгш бус байдлын гинжин хэлхээг таслах ёстойг онцолж, Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, хэрэгжүүлж байгаа нь үүнтэй холбоотой гэв.

Энэ бол хүний хөгжлийг нэгдүгээрт тавьсан бодлого гэдгийг тодотгоод “Өнөөдрийн байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 47 хувь нэг саяас доош төгрөгийн цалинтай байна. Цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ.

Дундаж давхаргыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын ч, ҮЭ-ийн байгууллагын ч гол зорилго. Хөдөлмөрийг үнэлдэг байх шинэчлэл рүү шилжихэд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Засгийн газар өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Оюутолгойн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг нийгэмд бугшсан шударга бус олон зүйлтэй тэмцэж байна. Энэ бүхнийг өөрчлөхгүйгээр бид урагшлах боломжгүй. Хөгжлийг хязгаарлагч 6 хүчин зүйлийг өөрчилж байж, Монгол Улс ДНБ-ээ 2-3 дахин тэлж чадна. Ингэснээр цалин хөлс нэмэх, иргэд баялгийг тэгш хүртэх боломж бүрдэнэ” гэлээ.

Тэрбээр “Засгийн газраас байгалийн баялгийг цалин хөлс, нийгмийн хамгааллаар дамжуулан хуваарилах, бизнес эрхлэх тэгш гарааны нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлого шийдвэрт ҮЭ-ийн оролцоог нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх, жижиг дунд бизнесийг хамгаалах эрх зүйн орчин бий болгохын төлөө Үйлдвэрчний эвлэлтэй хамтарна” гэдгийг тэмдэглэв.

Оролцогчдын зүгээс орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт боловсон хүчний хомсдол бий болсныг төр, засаг анхаарах, инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, авто замын салбарт дотоодын компаниудаа дэмжин ажиллах, ШТС-ын түгээгчийг ажлын байрны хортой нөхцөлд оруулах, эрүүл мэндийн салбарын зарим ажилтны үндсэн цалинг нэмэх, иргэд, хөдөлмөрчдөд ирж буй татварын дарамтыг бууруулах, нүүрсний хулгайчдыг илрүүлэх зэрэг асуудлын талаар хөндөж, санал бодлоо хэллээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Өнгөрсөн 30 жилд Засгийн газрын тэргүүн, кабинетын гишүүдийн хамт Үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй уулзаж, нийгмийн шинэ гэрээ хэлэлцээрийн талаар ярилцаж байгаагүй. Энэ удаагийн уулзалт түүхэн ач холбогдолтой. Үйлдвэрчний эвлэлээс Засгийн газрын шүгэл үлээсэн нүүрсний хулгайг илрүүлэх, шударга бус явдалтай хийх тэмцлийг  дэмжиж ажиллана" гэлээ.

Өнөөдрийн үйл ажиллагаанд ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын 800 гаруй гишүүн оролцов. Мөн 21 аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоод цахимаар оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.