Ким Жөн Уны охины зурагтай маркийг гаргана
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны охины зурагтай маркийг баасан гарагт гаргана гэж тус улсын төрийн өмчит Солонгосын маркийн корпорац цахим хуудсандаа мэдээлсэн нь Ким Жөн Уныг залгамжилж магадгүй байгаа охины нэр хүндийг өсгөж байгаа бололтой гэж Японы "Kyodo" агентлаг мэдээлэв.
Ким Жөн Уны хоёр дахь хүүхэд, 10 орчим настай Ким Жү Э-г гэж үзэж байгаа “хайрт охин”-ых нь зургийг өнгөрсөн оны 11 дүгээр сард “Хвасон-17” тив алгасагч шинэ баллистик пуужинг амжилттай туршсаныг тохиолдуулан гүйлгээнд гаргах найман маркийн тав дээр нь гаргахаар болжээ.
Төрийн мэдлийн хэвлэлээр цацагдсан гэрэл зургуудад тулгуурлан гаргаж байгаа маркууд нь 11 дүгээр сарын 18-нд тив алгасагч баллистик пуужинг харвах үеэр, 11 дүгээр сарын 26-нд удирдагч, охиныхоо хамтаар пуужин бүтээхэд оролцсон төлөөлөгчидтэй уулзах үеэр авхуулсан зургууд гэсэн тайлбартай байна.
Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан Пёньян хотод энэ сарын 8-ны өдөр зохион байгуулсан цэргийн парадад БНАСАУ-ын удирдагч мөн охины хамтаар оролцсоныг төрийн мэдлийн хэвлэлд нийтлэгдсэн гэрэл зургууд харуулсан нь түүнийг залгамжлагчаар бэлтгэж байгаа гэх таамаглалыг улам бататгажээ.
Охиныг төрийн мэдлийн хэвлэлүүд удирдагчийн “хамгийн хайртай”, “нандин” хүүхэд гэж тодорхойлсоор байгаа юм. Ким Жөн Уныг гурван хүүхэдтэй гэж үздэг бөгөөд нэг хүү нь 2010 онд, Ким Жү Э 2013 онд, гурав дахь хүүхэд нь 2017 онд төрсөн гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээлдэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.