БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэд эрүүл мэнд, нийгмийн хамгааллаа сайжруулах боломжтой болжээ
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь “Үжэнбү Боне” гэмтэл согог, үе мөчний эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Монгол Улсаас БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, тус улсын Хөдөлмөр, халамжийн корпорациар үйлдвэрийн осолд өртсөн нь нотлогдсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий санамж бичигт тус төвийг төлөөлөн дарга Д.Баярмандах, эмнэлгийг төлөөлж ерөнхий захирал Чой Гуан Сү гарын үсэг зурснаар хоёрдугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
“Үжэнбү Боне” эмнэлэг нь үйлдвэрийн ослыг эмчлэх магадлан итгэмжлэгдсэн зөвшөөрөлтэй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдэх эрх бүхий үйлдвэрийн ослын байцаагч ажиллуулдаг давуу талтай. Иймээс эмчилгээ сувилгааны зардал, эмчилгээтэй байх хугацааны 70 хувийн цалин, эмчилгээ бүрэн дууссаны дараах хөдөлмөрийн чадвараа түр алдсаны зэрэг /1-14/ тогтоолгох, нөхөн олговор гаргуулах зэрэг үйлдвэрийн осолтой холбоотой асуудлыг шуурхай шийдэж, Монгол иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Түүнчлэн БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад үйлдвэрийн осолд өртөн, эмчилгээ хийлгэж чадалгүй нутаг буцсан иргэд ч тус эмнэлэгт хандаж эмчлүүлэх буюу холбогдох нөхөн олговроо авах боломжтой.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь тус эмнэлэгтэй 2019 оноос хамтран ажиллаж, хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй, оршин суух үнэмлэхтэй иргэдийг оношлогоо эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулж иржээ. Үүний дүнд өнгөрсөн хугацаанд 298 иргэн 28.5 сая воноо хэмнэж, төлбөргүй эмчлүүлсэн аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.