БНХАУ-ын дарга ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москва хотноо ирэх долоо хоногт айлчлахаар төлөвлөж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, айлчлал урьд нь таамаглаж байснаас ялимгүй эрт болох төлөвтэй байна.
Хятад улс Украинд энх тайван тогтооход зуучлах санал тавиад байгаа энэ үед айлчлалын төлөвлөгөө гарч байгаа юм. Тус улс Орост дипломат дэмжлэг үзүүлж байгаа тул Барууны орнууд уг саналд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. В.Путин Ши Жиньпинийг хавар айлчлахыг урьсан талаар Оросын “TASS” агентлаг нэгдүгээр сарын 30-ны өдөр мэдээлжээ. Харин өнгөрсөн сард “The Wall Street Journal” сонин уг айлчлалыг дөрөвдүгээр сард юм уу тавдугаар сарын эхээр болно гэж мэдээлж байв.
Ши Жиньпин Москвад айлчлах эсэх талаар тодруулга авах хүсэлтэд Хятадын Гадаад хэргийн яам одоогоор хараахан хариу өгөөгүй байгаа бол Кремль хариу өгөхөөс татгалзсан байна. Айлчлалын талаар одоогоор өөр дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Дээрх мэдээллийг өгсөн эх сурвалжууд асуудлын эмзэг байдлыг харгалзан нэрээ нууцлахыг хүсжээ.
Хятад, Орос хоёр улс 2022 оны хоёрдугаар сард буюу Орос Украин руу довтлохоос хэдхэн долоо хоногийн өмнө “хязгааргүй” түншлэл байгуулсан бөгөөд талууд харилцаа нь бат бөх байгаа гэдгийг нотолсоор байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.