БНХАУ-ын эрх баригчид Япон, БНСУ-ын иргэдэд хэсэгчлэн виз олгож эхэлсэн

БНХАУ-ын эрх баригчид Япон, БНСУ-ын иргэдэд хэсэгчлэн виз олгож эхэлсэн

БНХАУ-ын эрх баригчид Япон, БНСУ-ын иргэдэд хэсэгчлэн виз олгож эхэлсэн талаар “Kyodo” агентлаг Хятадын Засгийн газрын төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ. 

Хятад улсын иргэдэд хилээр нэвтрэх хязгаарлалт тогтоосны хариуд тус улсын эрх баригчид Япон, БНСУ-ын иргэдэд богино хугацааны виз олгохоо түр зогсоосон юм. 

“Kyodo” агентлагийн мэдээлснээр, Хятадын тал Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын ажилтнуудад дипломат болон албан хэргээр зорчих виз олгохыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн бизнес аялал, юуны өмнө яаралтай бизнес уулзалт хийх зорилгоор зорчих иргэдэд виз олгож эхэлжээ. 

Үүний сацуу одоогоор виз олголтыг бүрэн сэргээх төлөв байхгүй байгаа нь гурван улсын бизнесийн салбарын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг тус агентлаг онцолсон байна. Япон, БНСУ хязгаарлалтаа сулруулсны дараа л Хятад улс ийм алхам хийж магадгүй байгаа аж. 

Японы Засгийн газар 12 дугаар 30-наас эхлэн Хятадын эх газар, Макаогоос ирж буй бүх зорчигчоос, мөн сүүлийн долоо хоногт Хятадад зорчсон иргэдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ заавал авах шийдвэр гаргасан. Харин эдгээр шаардлагыг нэгдүгээр сарын 8-наас чангатгасан бөгөөд Японы хилээр нэвтрэхийн тулд нисэх онгоцонд суухаасаа 72 цагийн өмнө хийлгэсэн коронавирусний шинжилгээний сөрөг хариу үзүүлэх, ирснийхээ дараа "PCR"-ийн шинжилгээ заавал хийлгэх шаардлагатай болсон байна. Эдгээр шаардлага нь вакцины гэрчилгээтэй эсэхээс үл хамааран хүн бүрд хамаарна.

Харин БНСУ-ын эрх баригчид Хятадын эх газар, Хонконг, Макаогоос ирж буй аялагчдад ирэхээсээ өмнө болон дараа нь коронавирусний шинжилгээ хийлгэж, хариу нь “сөрөг” гарсан байх шаардлага тавьж байгаа юм. Үүнээс гадна, БНСУ-ын эрх баригчид дипломат, албан болон хүмүүнлэгийн зорилгоор зорчих визээс бусад богино хугацааны виз олгохыг нэгдүгээр сарын эцэс хүртэл хязгаарлахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.