Засгийн газрын ХЭГын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Засгийн газрын өнөөдөр/2023.03.15/-ийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Засгийн газрын төсвийн зардал улсын нэгдсэн төсвийн 37 хувийг эзлэх болсон тул 30 хувь руу бууруулах зорилгоор төрийн албаны бүтцийг эргэн харж, 2024 оноос цомхотголыг үе шаттай хийнэ гэдгээ мэдэгдлээ. Учир нь, олон улсын аргачлалаар Засгийн газрын төсөвт эзлэх зардал 30 хувь бол хэвийн, 30 хувиас дээш гарвал хэт үрэлгэн зардалтай гэж үздэг байна.
Мөн Олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын баримталдаг зарчмаар улс орны нийт ажиллах хүчний 15 хувийг төрийн албан хаагч эзлэх тохиолдолд хэвийн гэж үздэг бол Монгол Улсад энэхүү тоон үзүүлэлт 18 хувьтай гарчээ. Тодруулж хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүний тоо нь гурван хувийн хэтрэлттэй явж буй аж. Иймээс төрийн албаны хэт үрэлгэн зардлыг бууруулахын тулд салбар чиглэл бүр дээр бүтцийг дахин төлөвлөнө. Энэ нь төрийн албанд хийх шинэчлэлийн нэг болно гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга тодотголоо.
Хоёр дахь асуудал нь, Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтан, барилга барих зөвшөөрөл авсан хүмүүсийн нэрсийг ил тод болгож, олон нийтэд зарлах асуудлыг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд даалгасан байна.
Мөн цаашид төлөвлөлт хийхдээ өнгөрсөн хугацаанд гарсан дээрх алдааг давтахгүй байх ёстой гэсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн орчинд үйлдэгдэх хүчирхийлэл эрс нэмэгдсэнээс хүүхэд олноороо хохирогч болж буй. Иймээс Засгийн газар дээрх асуудалд анхаарал хандуулж, ойрын хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин төгөлдөр байж чадаж байгаа эсэх асуудлаар уулзалт зохион байгуулах, холбогдох хуулийн өөрчлөлтийг УИХ-аар батлуулах юм байна.
Мөн Ерөнхий сайдын харьяанд байх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж чадаж байгаа эсэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газар шалгахаар болжээ. 2022 оны статистик мэдээгээр 92 хүүхэд гэр бүлийн болон бусад хүчирхийлэлд өртсөн байна. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэж буй юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-д танилцуулахаар хүргүүлсэн байна.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хүсэлтээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөлсөн гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.