“Хү” рок хамтлаг Монгол Улсдаа 12 мянган Сибирийн хайлаас мод тарина
Эх дэлхийн өдрийг /дөрөвдүгээр сарын 22/ тохиолдуулан Монголын “Хү” рок хамтлаг “Mother Nature” /Байгаль эх/ дууныхаа шинэ хувилбарыг цацаж, Монгол Улсдаа 12 мянган Сибирийн хайлаас мод тарихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тодруулбал, “Хү” байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах утга агуулга бүхий “Байгаль эх” дууныхаа үгийг англи хэл рүү орчуулсан хувилбарыг цацжээ. Энэхүү дууны шинэчилсэн хувилбар нь 2022 онд сонсогчдын хүртээл болсон “Rumble of Thunder” цомгийнх нь зургаадугаар сарын 30-нд гарах "люкс" хувилбарт багтах ажээ.
“Энэ дэлхий дээрх хэн бүхэн байгаль эхтэйгээ холбоотой бөгөөд энэ дуунд эх үрийн холбоо, хүн байгалийн холбоо хамаарлын адил төсөөтэй байдлын талаар өгүүлдэг. Нэг талаараа, Дэлхий бол биднийг эх дэлхийд төрүүлсэн өөр нэгэн эх билээ. Монголчууд эхчүүд ээжүүдээ дээдлэн хүндэлдэг бөгөөд эхийн хайранд хязгаар үгүй учир насан эцэслэсний дараа ч сэтгэл зүрх нь хүүхдүүдээ хамгаалдаг гэдэгт итгэдэг” хэмээн хамтлагийн мэдэгдэлд дурджээ.
Ийнхүү “Хү” хамтлаг “Байгаль эх” дууныхаа шинэ хувилбарыг шүтэн бишрэгчдийнхээ хүртээл болгохын сацуу Монголын зүүн өмнөд нутгийн элсэн цөлд 12 мянган модыг хамтлагийнхаа логоны хэлбэрээр тарих аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тус хамтлагийн логонд Хүннү овгийнхны хэрэглэж байсан эртний бэлгэдэлд тулгуурласан нэг эвэрт ирвэсийг дүрсэлсэн байдаг билээ. Мод тарих аяныг “Шамбала-2056” төсөлтэй хамтран ирэх тавдугаар сараас эхлүүлэх ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.