Польш Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирэв.
Ерөнхийлөгч Анджей Дудаг гэргийн хамт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон албаны бусад хүн угтан авав. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцана. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцох юм. Үүний зэрэгцээ Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.
А.Дуда Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. Тэрбээр 2008 онд БНПУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Лех Качинскийг дагалдан Монгол Улсад ирж байсан. 1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.