Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхлаа

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 27-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд бараалхлаа. Энэ үеэр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Ши Жиньпин-д Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа.

Ерөнхий сайд БНХАУ Зуны Давос чуулга уулзалтыг Тяньжин хотноо амжилттай зохион байгуулж буйг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох манай талын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан бөгөөд энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, хот төлөвлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол, Хятад нь Иж бүрэн стратегийн түншлэл бүхий найрсаг хөрш орнуудын хувьд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, олон улсад жишиг болохуйц хөрш орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар оролцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлууллаа 2023-06-23

“Оюутан цагдаа-2023” арга хэмжээний нээлт боллоо 2023-06-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын “Юхан-Кимберли” компанийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав. 2023-06-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна 2023-06-26

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан болов 2023-06-27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхлаа 2023-06-28

Хүй долоо худагт худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ 2023-06-28

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болж байна 2023-06-30

БНСУ-ын Элчин сайд Ким Жун Гү боломжит бүхий л байдлаар туслахаа илэрхийллээ 2023-07-08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2023-07-11

Монгол, Солонгосын бизнес уулзалтаар “Янзтай ясны шөл” экспортын эрхээ баталгаажуулав 2023-07-18