Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг дэмжжээ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг авч хэлэлцсэн байна.
Энэ тухайд тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төсвийн төсөл дээр хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг хийхээр бэлтгэж байна. Ирэх оны төсвийн алдагдлыг Засгийн газар өргөн барихдаа ДНБ-ий 2,8 хувийн алдагдалтай байхаар оруулж ирсэн. Үүнийг ажлын хэсгийн түвшинд авч үзээд, төсвийн алдагдлыг 2 хувьд бариулахаар тооцоолол гаргалаа. Түүнчлэн зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын шинжтэй зардлыг нэмэгдүүлэх чиглэлийг барьж байна. Өнөөдөр бүлгийн түвшинд Нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг ирэх оны дөрөвдүгээр сараас 10 хувиар нэмэх санал орж ирсэн. Энэхүү түвшин нь бага тэтгэвэртэй иргэдэд хангалтгүй буюу 55 мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна. Тиймээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхээр, шаардлагатай эх үүсвэрийг бүрдүүлэхээр ярьж тогтлоо.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д Засгийн газар яаралтай горимоор өргөн барьсан. Үүнд, бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол, авлигын гэмт хэрэг үйлдсэн бол, хүний амь насыг санаатай хөнөөсөн бол ялын бодлогыг чангатгахаар тус тус тусгасан” гэлээ.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан авлига албан тушаалын гэмт хэргийг магадланд оруулахгүй, хугацаанаас өмнө суллахгүй байх тухай саналыг дэмжлээ. Мөн бага насны хүүхэд буюу 14 хүртэлх насны хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хөнөөх гэмт хэрэг, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотой заалтуудад өршөөл үзүүлэхгүй байх заалтыг тус тус дэмжсэн аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.