ШШГЕГ: Б.Ганхуягт хордлогын шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал тогтвортой байна
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид байгаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хордуулсан байж болзошгүй мэдээллийг ар гэрийнхнийх нь зүгээс өгөв. Үүний дараа ШШГЕГ-ын албан хаагчид энэ мэдээллийг үгүйсгэж, хэвлэлийн хурал хийлээ.
Б.Ганхуягийн эрүүл мэндийг хянаж буй байгаа хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч хошууч Г.Эрдэнэчимэг “Энэ хүн анх 2022 оны 12 сарын 7-нд цагдан хоригдсон. Тухайн үед биеийн эрүүл мэндийн байдал тогтвортой, амин үзүүлэлт хэвийн. Хөлөнд хуучин харшлын сорвитой гэж бичсэн жижүүр эмчийн үзлэгийн тэмдэглэл байдаг.
Б.Ганхуяг өнгөрсөн хугацаанд эмнэлэгт гурван удаа хэвтэн эмчлүүлсэн. Мөн хорих ангийн эмнэлгийн комиссын шийдвэрээр Интермед, Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Нийт 6 удаа лабораторийн шинжилгээнд хамрагдсан. Эмгэг, өөрчлөлт илэрсэн зүйлгүй.
Өнөөдрийн байдлаар бие зовуурьгүй, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй. Хордлогын шинж тэмдэг бөөлжих ядрах байдлаар илэрдэг. Энэ хүнд ийм шинж тэмдэг илрээгүй. Мөн амин үзүүлэлт хэлбэлздэг. Яг одоогоор хэлбэлзсэн зүйлгүй, ерөнхий хордлогын шинж илрээгүй” гэлээ.
Мөн цагдан хорих 461 ангид 800 гаруй хүн бий. Бүх хүн нэг гал зуух, нэг тогооноос хүнсээ хэрэглэж, хооллож байгаа. Тиймээс 800 гаруй хүний эрүүл мэндийн тухай асуудал тул хариу тайлбар өгч байгааг тодотгов.
Түүнчлэн хүнцэл нь хүний биед тодорхой хэмжээгээр байх ёстой бодис гэдгийг онцоллоо. Тодруулбал, хүнцэл нь хүний биед 6.25-12.05 миллиграмм байхыг хэвийн хэмжээ гэж үздэг. Яллагдагч Б.Ганхуягийн үс, цус, шээсний шинжилгээнээс харахад хүнцэл хэвийн хэмжээнд байна гэж мэдэгдэв. Далайн бүтээгдэхүүн, дарс, навчин тамхи, харшлын гаралтай тосон түрхлэг, эм, эмчилгээнээс энэ элемент хүний биед үүсэх боломжтой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.