С.Амарсайхан: Галд өртсөн 60 айл өрхийн байр сууцыг яаралтай засна

С.Амарсайхан: Галд өртсөн 60 айл өрхийн байр сууцыг яаралтай засна

БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт өнгөрөгч шөнө (2024.01.24-ний 01:07 цагийн үед) шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашин мөргөлдөж, дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтэд уулзварын зүүн урд талын “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830-р байр тус тус гал түймэрт өртөж шатсныг Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийг 04:30 цагт бүрэн унтраасан талаар бид мэдээлсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч буй арга хэмжээний талаар УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тухайлбал, галд өртсөн иргэдийн хохирлын асуудалтай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Галд тухайн орчим амьдардаг иргэдийн 29 автомашин шатсан. Өвлийн хүйтэнд иргэд орон байртаа орох боломжгүй байгаа. Хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт хийж, хэргийн газрыг хамгаалалтад авсан. Шалгалтын ажил дуусаагүй байгаа учраас асуудлыг эцэслэн шалгаж, буруутай этгээдийг тогтоогоод, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулна гэвэл багагүй цаг хугацаа орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, галд өртсөн 60 айл өрхийн байр орон сууцыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлнэ. Энэ хооронд айл өрхийг шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөр, хураамжийг нь төлөхөөр Улаанбаатар хот болон Засгийн газар, УОК-оос шийдвэрлэж байна. Хэрвээ барилга орон сууц нь цаашид ашиглах боломжтой гэвэл тэр хүрээнд нь засвар үйлчилгээг яаралтай хийж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлнэ" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.