Азийн улс орнууд Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна
Япон Улсын Засгийн газар “COVID-19” коронавируст халдвартай тэмцэх хүрээнд Монгол Улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 235 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо өнөөдөр ГХЯ-нд мэдэгдэв.
Түүнчлэн БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад 250 мянган ам.доллар бүхий коронавирусний шинжилгээний оношлуур хандивлах болсныг тус улсаас манай улсад суугаа ЭСЯ-наас ГХЯ-нд мэдэгдээд байна. Мөн Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгээс 2000 оношлуурыг Улсын Онцгой комисст хандивлаад байна.
Бүгд Найрамдах Сингапур Улсын “Темасек” олон улсын сангаас тус улсад үйлдвэрлэсэн Fortitude 2.0 нэртэй СOVID-19 коронавирусний 3000 ширхэг оношлуурыг энэ сарын 4-нд Монгол Улсад хандивласан. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг Сингапурын зарим бизнес эрхлэгчид дээрх оношлуурыг нэмж худалдан авахад зориулж 30000 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлээд байна.
Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Ерөнхий өргөмжит консул Чандра Гозали манай улсад Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар 20000 ширхэг амны хаалтыг өнгөрөгч сард хандивласан.
Ийнхүү Азийн улс орнууд энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулж, хамтран ажиллах хүрээнд Монгол Улсад сэтгэл санааны болон шаардлагатай тоног төхөөрөмж, эд зүйлсийн дэмжлэг туслалцааг үзүүлсээр байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.