АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзав
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг өнөөдөр АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мэттью Фэрэнсийг хүлээн авч уулзлаа.
АНУ дахь шүүхийн захиргааны холбооноос зохион байгуулдаг томоохон хурал, чуулга уулзалтуудад захиргааны байгууллагын албан хаагчдыг тогтмол хамруулж, оролцоог хангах сонирхлоо Ерөнхий зөвлөлийн дарга уулзалтын эхэнд илэрхийлэв. Цаашид Монгол Улсад бусад улс орны шүүхийн захиргааны байгууллагын албан хаагчдыг хамруулсан Олон улсын түвшний бага хурлыг зохион байгуулахад бүх талаар хамтран ажиллах боломжтой талаар ярилцав.
АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын манлайллын төвөөс хэрэгжүүлдэг ”Нээлттэй дэлхий” хөтөлбөрт оролцогчдыг нэмэгдүүлэх, тус улсын Засгийн газраас санхүүжилттэй бусад солилцооны хөтөлбөрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албаны албан хаагчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг тогтмол хамруулахад анхаарахыг хүсэв. Мөн стандарт, шаардлага хангасан шүүхийн загвар байрыг бий болгох тал дээр хоёр талаас хичээл зүтгэл гарган ажиллах тухай ярилцаж, шаардагдах танилцуулгыг холбогдох газарт уламжилж албан бичгээр хариу ирүүлэхээр тохиролцов.
Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн ажилтан Мюриэл Адамс болон Улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг нар байлцав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.