Герман улсад кибер гэмт хэрэг жилийн дотор 148 тэрбум еврогийн хохирол учруулжээ
Герман улсад кибер гэмт хэрэг их гарч, жилийн дотор 148 тэрбум еврогийн хохирол учруулсан гэж Германы эрх баригчид мэдээлжээ. Тэр дундаа гадны орноос үйлдэх кибер халдлагын тоо 2023 онд нэг жилийн дотор 28 хувь өсжээ.
Кибер халдалтууд ихэнхдээ мэдээллийн хулгай, тагнуулын мэдээлэл, мэдээллийн эх үүсвэрт халдах зэрэг хэлбэрээр илэрч байна гэж Германы дижитал нийгэмлэгийнхэн тайлбарлажээ.
Германы эрх баригчид гаднаас ирэх кибер халдлагын дийлэнх нь ОХУ, БНХАУ-аас ирж байна гэж тодорхойлжээ. Мөн улсынхаа кибер аюулгүй байдлын салбарт учрах эрсдэлийн хэмжээг хэт өндөр байна гэж дүгнэсэн байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-аас ирэх кибер халдлагын тоо хоёр дахин нэмэгдсэн бол БНХАУ-аас ирэх халдлагын тоо мөн хугацаанд 50 хувь өссөн гэж Германы Битком дижитал нийгэмлэгийн тоо баримтад дурдсан байна.
Ихэнх кибер халдлагыг гэмт хэргийн бүлэглэлүүд юм уу гадны тагнуулын албууд үйлддэг гэж дурдсан байна. Кибер халдлага үйлдэгчдийн дийлэнх нь мөнгөний араас явдаг бол зарим нь зүгээр л хөгжилдөх гэж үйлддэг байж ч болзошгүй гэсэн хариу өгчээ. Энэ сарын эхээр Герман улс ОХУ-ыг улсынх нь агаар мандал, сансрын хамгаалалтын систем бүтээгч фирмүүд рүү нь кибер халдлага үйлдсэн гэж буруутгаж, ОХУ-д суугаа элчин сайдаа эгүүлэн дуудаад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.