Үндэсний “Номын баяр” Сүхбаатарын талбайд болов

Үндэсний “Номын баяр” Сүхбаатарын талбайд болов

Жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг Үндэсний “Номын баяр” Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр”-т хүүхдийн сэдэвтэй зохиол багагүй хувийг эзэлж байгаа юм. Нийт 90 орчим зохиолч шинэ бүтээлтэйгээр уншигчидтайгаа уулзаж байгаа бөгөөд өчигдөр 50, өнөөдөр 40 орчим номын нээлт болов.

Номын баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын фестиваль болсон төдийгүй үндэстнийхээ түүх, соёл, ном судар, түүнийг бүтээгчдийг хүндлэн дээдлэх, уншигч зохиолчдын амьд холбоог бэхжүүлэхэд ач холбогдолтой гэдгийг оролцогчид онцолдог. “Номын баяр” зөвхөн үндэсний хэмжээний баяр биш гадаадаас нэр хүндтэй, алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж Монголын уншигчид, хэвлэлийн компаниуд, зохиолчидтой биечлэн уулзаж хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Өнгөрсөн жилийн “Номын баяр”-аар “Амьдрахуй”, “Вэн хот” зэрэг номоороо монголчуудад танил болсон Үй Хуа ирж байсан. Тэгвэл энэ удаа Унгарын Кино хорооны дэд дарга Пэшти Акош, кино зохиолч, түүхэн романы зохиолч Бела Трукс, БНСУ-ын зохиолч “Сэтгэл хөдөлгөсөн монгол аялал” номыг туурвигч Шон Пё зэрэг хүндтэй зочид ирлээ. Гурван өдрийн турш ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилгоор номын үзэсгэлэн, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн онцлох бүтээлийн танилцуулгууд болон хүүхэд, багачуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөрүүд маргааш үргэлжилнэ.

Жил бүр УИХ-ын даргын нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааныг нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, шилдгүүдээ тодруулдаг. Энэ жилийн “Шилдэг уншигч хамт олон”-оор Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн “5-ын 10” ангийн сурагчид шалгарсан бөгөөд шагналаа авахаар ангиараа нийслэлд иржээ.

Ангийнх нь багш Э.Мягмаржаргал ярихдаа, “Манай анги 1-5 дугаар ангидаа “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж, сурагчдадаа хичээл эхлэхийн өмнө өглөө бүхэн ном уншуулдаг. Мягмар гараг бүр хуваарийн дагуу Хүүхдийн номын ордонд ном уншдаг. Манай ангийнхан 2024 онд 911 ном уншсан. Хүүхдүүд маань уншсан номынхоо тэмдэглэл хөтөлж, сар бүрийн сүүлчээр бүтээлийн үзэсгэлэн гаргадаг. Бид өнгөрсөн хугацаанд 13 үзэсгэлэнг олны хүртээл болгосон” гэв.

“Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүдийг танилцуулъя.

“Шилдэг ном”-Зохиолч, яруу найрагч М.Эрдэнэбатын “Орчлон хэнээр ч дутаагүй”

“Шилдэг хэвлэлийн газар”-“Нэпко паблишинг”

“Шилдэг номын сан”-Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн төвийн номын сан

“Шилдэг уншигч” /насанд хүрэгч/-МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл

“Шилдэг уншигч хүүхэд” /ахлах нас/-Нийслэлийн 28-р сургуулийн 11В ангийн сурагч Б.Ариунжаргал

“Шилдэг уншигч хүүхэд” /дунд нас/-Төв аймгийн Аргалант сумын ЕБС-ийн 8А ангийн сурагч Д.Алтанзул

“Шилдэг уншигч хүүхэд” /бага нас/-Налайх дүүргийн 119-р сургуулийн 4Д ангийн сурагч Б.Билэгт

“Шилдэг уншигч хамт олон”-Дархан-Уул аймгийн “Од” цогцолборын 5И анги 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.