Б.Баасанхүү Италийн жүдочийг вазари үнэлгээгээр ялсанаар алтан медаль хүртлээ.
АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн бөгөөд өчигдөр олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алтан медаль хүртэв.
Тодруулбал, эхний өдөр Монгол Улсын шигшээ баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Манай тамирчин Монголын жүдочдын зургаа дахь алтан медалийг хүртсэн нь энэ. Б.Баасанхүү 2024 он улсын аварга, Азийн аварга, Душанбегийн “Их дуулга”, дэлхийн аварга гэсэн дөрвөн том тэмцээнд дараалан түрүүлж байгаа нь энэ. Ингэснээр тэр албан ёсоор Парисын олимпыг зорих тийзээ захиаллаа.
Монголын жүдо бөхийн холбооноос дэлхийн аваргын дараа олимпод оролцох бүрэлдэхүүнээ зарлах байсан. Улмаар 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нарын дунд сорилго явуулж байлаа. Тэгвэл сорилгын ялагч нь сүүлийн дөрвөн тэмцээнд түрүүлсэн Б.Баасанхүү болов. Түүнийг дэлхийн аварга болсны дараа олон улсын хэмжээний мастер, жингийнх нь өрсөлдөгч Г.Наранцэцэг “Дүү минь баяр хүргэе. Олимпын наадамдаа амжилт гаргаж, түрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.