“Сингапур Эйрлайнс”-ын онгоц агаарын хүчтэй урсгалд орсны улмаас зорчигч нас баржээ
Лондонгоос Сингапураас орох нисч байсан байсан онгоц агаарын хүчтэй урсгалд орж донсолсны улмаас нэг хүн нас барж, 100 гаруй хүн гэмтсэн осол хоёр өдрийн өмнө болсон. Улмаар онгоц чиглэлээ өөрчлөн Тайландад буусан, гэмтэж бэртсэн хүмүүсийг Бангкокийн эмнэлэгт эмчилж байгаа юм байна.
Өнөөдөр тус эмнэлгээс мэдээлснээр, ноцтой гэмтсэн хүмүүсийн олонх нь нурууны хагалгаанд орох шаардлагатай байгаа юм байна.
Лондонгийн Хитроу нисэх буудлаас Сингапур орохоор нисэж байсан Боинг-777 онгоцонд явсан 73 настай Британий иргэн нас барсан харамсалтай хэрэг болсон, одоо 20 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна. Нийт 211 зорчигч, хөлгийн гишүүн 18 хүнтэй явсан уг онгоцны гэмтэж бэртсэн 104 зорчигчийг эмчлэхийн тулд бусад эмнэлгээс мөн шилдэг эмч мэргэжилтнүүдийг хүсэлт тавин авч ажиллуулж байгаагаа Бангкокийн эмнэлгийн олон нийттэй харилцах албанаас мэдээлсэн байна. Онгоц хөөрснөөсөө хойш 10 гаруй цагийн дараа буюу Андаманы тэнгис дээгүүр нисэж байх үедээ маш хүчтэй донсолж доргисноос 3 орчим минутын туршид ердөө 1800-д метрийн нам өндөр рүү доошлоход хүрсэн байна. Агаарт болдог ийм донсолгоо ихэнхдээ хүчтэй салхи шуургатай үед тохиолддог ч цэлмэг тэнгэртэй байх үед ийм үзэгдэлд өртөх хамгийн аюултайд тооцогддог байна.
Одоогоор нисэхийн мөрдөн шалгагчид Сингапурын агаарын тээврийн хөлөг ямар шалтгаанаар, яаж ийм гэнэтийн, зорчигчдыг суудлаасаа шидэгдэх хүртэл хэмжээний хүчтэй донсолгоо үүсэж онгоц огцом доошлохоос аргагүй болсныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. АНУ-ын тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2021 оны тайлангаар гэхэд, 2009-2018 оны хооронд томоохон агаарын тээврийн компаниудад тохиолдсон нийт ослын 37,6 хувь нь агаар дахь донсолгооноос шалтгаалсан дүн гарч байжээ. Америкийн иргэний агаарын тээврийн удирдах газар тэгвэл, 2009-2021 оны хооронд агаар дахь онгоцны донсолгоо чичирхийллийн үеэр зорчигч ноцтой гэмтэж бэртсэн 146 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн байна.
Эх сурвалж https://montsame.mn/mn/read/344392
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.