БНСУ-ын Похан хотын орчимд газрын тос, байгалийн хийн асар их нөөц байх магадлалтай

БНСУ-ын Похан хотын орчимд газрын тос, байгалийн хийн асар их нөөц байх магадлалтай

Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Похан хотын орчимд газрын тос, байгалийн хийн асар их нөөц байх магадлалтай байна гэж тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнөө өглөө мэдэгджээ.

Сөүлээс зүүн өмнө зүгт 260 км-ийн зайд орших Похан дахь Ёнгил булангийн ойролцоо газарт 14 тэрбум торх газрын тос, байгалийн хийн нөөц байж магадгүй бөгөөд энэ нь Өмнөд Солонгосын байгалийн хийн 29 жилийн хэрэгцээ, газрын тосны дөрвөн жилийн хэрэгцээг хангах боломжтой гэж Юн Сог Ёль хэлсэн байна.

Тэрбээр газар хөдлөлтийн судалгаа хийдэг гадаадын нэгэн компанийн хийсэн судалгааг эш татан дээрх мэдэгдлийг хийжээ.

“Судалгааны дүн нь 14 тэрбум торх газрын тос, байгалийн хийн нөөцтэй орд байх магадлал өндөр байгааг харуулж байгаа бөгөөд эдгээр дүгнэлтийг судалгааны байгууллагууд, шинжээчид нотолсон” гэж Юн Сог Ёль ерөнхийлөгчийн ордонд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас хайгуулын өрөмдлөгийн төлөвлөгөөг баталж, урьдчилсан дүнг ирэх оны эхний хагаст багтаан танилцуулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Зүүн тэнгис дэх байгалийн хийн ордын эргэн тойронд газрын тос, байгалийн хийн ордууд байх өндөр магадлалтайг илрүүлсэн бөгөөд далайн гүний судалгааны компанид геофизикийн нарийвчилсан судалгаа хийх үүрэг өгчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.