Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ЕТГ, БОАЖЯ, ОБЕГ, Усны газар, Архангай аймгийн засаг даргын хамтарсан ажлын баг Өгий нууранд ажиллажээ.
Ажлын багийн хуралдаанаас :
●Өгий нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торыг татан гаргана.
●Өгий нуурын эх цутгал хөгшин Орхон голыг хамгаалж урсцыг сайжруулна.
●Өгий нуурт цутгаж буй хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг, намхархаг хэсгийг хашаалж хамгаална.
●Өгий нуурын эргийг дахин төлөвлөж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажил зохион байгуулахаар болсон байна. Ингэснээр Ганга нуур, Хөвсгөл нуурыг хамгаалж буй оновчтой ажлыг Өгий нууранд хэрэгжүүлэхээр болж байгааг ажлын багийнхан онцолжээ.
Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуур бол монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур билээ. Гэтэл 2014 оноос эхлээд олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж Өгий нуур бохирдож экосистем нь эрчимтэй алдагдаж эхэлжээ. Ялангуяа, тус нуурын өмнө тулгамдсан нэг асуудал нь загас агнуур юм. Хэдэн жилийн өмнө элбэг байсан загас нь одоо эрс багасжээ. Тиймээс загасны нөөцийг тогтоох, нуурыг хамгийн ихээр бохирдуулж байгаа малын хөлийг хорьж, нууранд завь явуулахгүй байх, хамгаалалтын хашаа татах зэрэг арга хэмжээ авах саналыг нутгийн иргэд гаргаж байсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.