Б.Очирваань: Хүн бүр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүй байгаарай

Б.Очирваань: Хүн бүр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүй байгаарай

Нэг жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох “Манчестер Юнайтед”-ын тоглолтыг “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарсан Б.Очирваань өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэр монгол залуусын зүрхэнд оч асааж, хүсэл мөрөөдөлдөө тууштай байж, түүнийхээ төлөө тэмцвэл биелдгийг өөрийн биеэр үлгэрлэв. Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хэдэн арван сая хүнд эерэг энерги бэлэглэсэн Б.Очирваанийг гэр бүлийнхэн, дугуй сонирхогчид, клубүүд, хэвлэл, мэдээллийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй угтлаа. Б.Очирваань дугуй сонирхогчдын хамт Сүхбаатарын талбайд ирж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлснээс гадна дугуй сонирхогчидтой чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

Энэ үеэр, “Аяллынхаа нэг жилийн хугацаанд 19 улсаар дамжиж, 14 мянган км-ийг тууллаа. Энэ аялалд хэцүү саад бэрхшээлтэй үе маш олон байсан. Гэхдээ миний зорилго маш тодорхой, хүсэл мөрөөдөл минь чухал байсан учраас эцсийн зорилгодоо хүрсэн, туйлын их баяртай байна. Олон хүнд танигдаж, тэднээс урмын сайхан үг сонслоо. Намайг улам хурцаллаа. Цаашид бусад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө илүү хичээнэ. Одоо нэг жил амарна. Амраад хамгийн түрүүнд номоо бичнэ. Би жилийн өмнө гэрээсээ гарч, аяллаа эхлүүлсэн. Хүн хаанаас хаана хүрч болдгийг харуулахыг хүссэн. Аялж ирээд хамгийн эхэнд төв талбайдаа ирж эзэн Чингис хаандаа хүндэтгэл илэрхийлэх зорилготой байсан. Зорилгоо энэ олон дугуйчин ах, эгч нартайгаа биелүүлсэндээ баяртай байна. Шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд шүтэж биширдэг хүнтэйгээ уулзсан.

Хөлбөмбөгчин Уэйн Рүүни бол талбай дээр бүх зүйлээ зориулж чаддаг дайчин чанартай. Намайг ч бас тийм болгосон. Би түүнээс үлгэр дуурайл авдаг. Олон нийтэд хүрсэн бичлэг дээр богино хугацаанд уулзаж байгаагаар харагдсан байх. Гэхдээ бид маш олон зүйлийн талаар ярилцсан. Би өөрөө шоконд орсон тул сайн асууж чадаагүй. Уэйн Рүүни маш их ярьсан. Сүүлдээ надаас асуух асуулт байна уу гэж хүртэл асуусан. Тэгэхэд л сэргэж түүний “гоол” хийхийн өмнөх карьерийн тухай асуусан даа. Хүсэж мөрөөдөж ирсэн талбай дээрээ тоглох маш жаргалтай, үнэ цэнтэй байлаа.

Би анх удаа өөр орон руу дугуйтай аялсан. Энэ аяллын турш хийсэн бүхэн миний анхных байсан. Тэр бүү хэл төрсөн сэтгэгдлээ олон нийтийн сүлжээгээр анх удаа хуваалцаж явлаа шүү дээ. Монголоос гараад бусад орны дугуйн хөгжлийг харсан. Дугуй унах нь ямар ач тустайг ойлгосон. Мөн дугуйтай аялал хүнд ямар их мэдлэг өгдгийг, хувь хүний хувьд ч хөгжүүлдгийг мэдэрсэн болохоор Монголд дугуйн спорт өндөр түвшинд хөгжөөсэй гэж хүссэн. Бүх улс орон дугуйн замтай. Иргэд нь дугуйгаа унаад эрүүл мэнддээ анхаарах боломжтой, мөн дугуйн соёл гэж бий болжээ. Энэ бүхэн цогцолсон байхыг хараад монгол залуустаа нэвтрүүлэхийг хүссэн.

Өнөөдөр намайг Монголын дугуйн холбооноос нэгдүгээр зэргийн одонгоор шагнаж байгаад талархаж байна. Намайг хүлээж авсан бүх хүнд баярлалаа, хүн бүр хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой, хичээнгүй байгаарай гэж хэлье” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно 2024-06-11

Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 2024-06-12

ХЭҮК-оос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан Зөвлөмж гаргалаа 2024-06-12

“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглахыг зөвлөж байна 2024-06-12

БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах тухай санал солилцов 2024-06-12

Б.Очирваань: Хүн бүр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүй байгаарай 2024-06-12

ХЭҮК, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагууд санал солилцлоо 2024-06-12

Болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2024-06-13

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөө өглөө 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. 2024-06-13

Австралид ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна 2024-06-13

“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. 2024-06-13