Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монголчуудын ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монголчуудын ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

БНСУ дахь Монголчуудын ТББ-ын нэгдсэн зөвлөлийн төлөөлөл 7 дугаар сарын 2-ны өдөр ЭСЯ-нд зочилж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболдод зөвлөлийн үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар санал бодлоо илэрхийлэв. 

БНСУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй иргэдийн холбоод, төрийн бус байгууллагууд 2016 онд нэгдэн Монголчуудын ТББ-ын нэгдсэн зөвлөл байгуулагджээ. 

Тус зөвлөл нь БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрхзүйн боломжит зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, эмнэлэг, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх, монгол хүүхдүүдэд эх хэл, соёлоо зааж сургах, монгол соёл уламжлалыг танин мэдүүлэх, хилийн чанадад эх хэлээ сурталчлах, бага болон өсвөр насны хүүхдүүдийн боловсрол, сэтгэл зүй эрүүл мэндэд анхаарах, монгол иргэддээ чиглэсэн үндэсний баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах зэргээр соёл, хүмүүнлэгийн чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж иржээ. 
 
Элчин сайд С.Сүхболд хилийн чанад дахь Монгол гэр бүл болон хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар санал солилцож, тэр дундаа хүүхдүүд сургуулийн орчинд ялгаварлан гадуурхагдах, хүчирхийлэлд өртөх эрсдлийг бууруулах, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах зэрэг олон чухал сэдвүүдийг хөндөж, БНСУ-д суугаа иргэд, хүүхдүүд рүү чиглэсэн тодорхой арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр ярилцав.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд С.Сүхболд БНСУ дахь Монгол, Солонгос хэл бичиг, соёлын төвийн тэргүүн Н.Өнөрцэцэгт Соёлын яамны батламж гардуулж, нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.