Умард Солонгосын цэрэг хил даван Өмнөд Солонгосд очжээ. 

Умард Солонгосын цэрэг хил даван Өмнөд Солонгосд очжээ. 

Умард Солонгосын нэгэн цэрэг өнөө өглөө үүрээр Өмнөд Солонгосын хилийг даван тус улсад зугтаж очжээ. Пёньянаас хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг удаа дараа хөөргөсний хариуд Сөүл суртал ухуулгын кампанит ажил явуулж буй үед энэ явдал болсон байна.

Оргодол цэргийг хоёр Солонгосыг тусгаарлаж буй Цэрэггүй бүсийн хойд хэсэгт байхад нь Өмнөд Солонгосын цэргийнхэн илрүүлж, нутаг дэвсгэрт нь нэвтрэн орж ирэх үед нь түүнд туслах ажиллагаа явуулсан байна.

Цэргийн алба хаагч оргон зугтаж ирснийг Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос /JCS/ баталсан бөгөөд хэрхэн оргосныг холбогдох байгууллагууд шалгаж байгаа гэж мэдэгджээ. Гэхдээ оргон зугтагчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Одоогоор Умард Солонгосын цэргийнхэн ямар нэгэн анхаарал татахаар үйлдэл хийгээгүй байна гэж JCS мэдээлжээ.

Умард Солонгосын өөр нэгэн иргэн Солонгос хоорондын хуурай замын хилийн баруун талд орших Хан мөрний адаг дахь төвийг сахисан бүсийг даван Өмнөд рүү оргосноос хойш хоёр долоо хоногийн дараа дээрх явдал болжээ.

Умард Солонгост хүнсний хомсдол нүүрлэсэн, мөн улс төрийн хавчлагатай холбоотойгоор иргэд дүрвэн зугтсаар байна. Оны эхний хагаст Умард Солонгосоос Өмнөд рүү дүрвэгсдийн тоо 105-д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс /99/ бага зэрэг нэмэгджээ.

Умард Солонгосын талаас удаа дараа хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг хөөргөсний хариуд Өмнөд Солонгос долоодугаар сарын дунд үеэс эхлэн хилийн дагуу байрлуулсан чанга яригчаар мэдээ мэдээлэл, К-поп урсгалын дуу хөгжим зэргийг өдөр бүр дамжуулж байна.

Өмнөд Солонгос дахь Умардын дүрвэгсэд Пёньяны эсрэг суртал ухуулга бүхий агаарын бөмбөлгүүд илгээсний хариуд Умард Солонгосын тал энэ оны тавдугаар сарын 28-наас хойш хогтой уут дүүжилсэн 3600 гаруй агаарын бөмбөлөг хөөргөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.