Өмнөд Солонгос, АНУ-ын армиуд өргөн хэмжээний хамтарсан сургуулилалт хийж байна
Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюул заналыг тогтоон барих зорилгоор Өмнөд Солонгос ба АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчид жил тутмын хамтарсан сургуулилалт хийж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгджээ.
Жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний бамбай” хээрийн сургууль наймдугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр цахим халдлага, GPS-ийн саатал, Умардын пуужингууд зэрэг “бүх салбар дахь бодит аюул заналыг харгалзан бэлтгэл сургуулилалт хийнэ” гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдсэн байна.
Эдгээр сургуулилалт нь “үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг тогтоон барихад чиглэсэн холбоотнуудын чадавхийг” бэхжүүлэх ажээ. Энэ долоо хоногт Өмнөд Солонгос, АНУ-ын 200 гаруй сөнөөгч онгоц таван өдрийн турш өдөр бүр нислэг үйлдэнэ.
Цөмийн зэвсэгтэй Умард Солонгосын эсрэг хамтын хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор АНУ 28 500 цэргээ Өмнөд Солонгост байрлуулж байна.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, хуурай газар, далай, агаар, мөн цахим орчин, сансрын орон зайг хамрах энэ удаагийн сургуулилалтад Өмнөд Солонгосын 19 мянга орчим цэрэг оролцоно. Харин Америкийн талаас хэчнээн цэрэг оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Сөүл хотод хотын захиргаа мөн Умард Солонгосын нисгэгчгүй онгоц болон хогтой уут дүүжилсэн агаарын бөмбөлөг зэргийн эсрэг сургуулилалтыг нэгэн зэрэг зохион байгуулна.
Солонгосын хойгт хурцадмал байдлыг намжаах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний бамбай” хээрийн сургуулийг Умард Солонгосын тал "цөмийн дайнд бэлтгэх сургуулилалт" хэмээн эрс буруушаасаар иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.